Accounting

2015-04-07

Hягтлан бодох бүртгэл (НББ)-ийн талаарх санал бодол, Нийтлэл 29. Opinion of an accounting, Post 29

Hягтлан бодох бүртгэл (НББ)-ийн талаарх санал бодол, Нийтлэл 29.

Opinion of an accounting, Post 29

1990 оноос хойш өмчийн олон хэлбэр, чөлөөт өрсөлдөөн, хувьцаат капитал, үнэт цаасны зах зээлийг  баримжаалсан нягтлан бодох бүртгэл (НББ), санхүүгийн тайлагналын олон улсын стандарт (СТОУС)-ын элементүүдийг нэвтрүүлэхээр оролдож байгаа ч хүлээсэн үр дүн нь төдийлөн харагдахгүй байна. Шинэчлэл, өөрчлөлтийг санаачлагчид нь сайтар боловсруулсан алсын хараатай замын зураг, дэлхийн санхүү, НББ-ийн шинжлэх ухаанд танигдаж хүлээн зөвшөөрөгдсөн шинэ мэдлэг, шинэ санааны баялаг арвин сантай, түүнийг бүтээсэн мэргэшсэн, эрдэмлэг, чадварлаг ажлын багтай байх ёстой гэж төсөөлдөг билээ. Дэлхийн шилдэг их сургуулиудад жишиг болж чадах НББ-ийн сургалтын хөтөлбөр, лекцийн файл, сурах бичиг, гарын авлага, үйлдвэрлэлийн дадлага гүйцэтгэх болон кейс сургалт явуулахад баримтлах гарын авлага дутагдсаар байна. Эх газрын эрс тэс уур амьсгалтай, билчээрийн мал аж ахуй, уул уурхайн баялагт түшиглэдэг, импортын зах зээлээс хараат эдийн засагтай, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдхүүнээр хомс, боловсролын чанар тааруухан боловч хүртээмж нь хангалттай, 3 хүний бараг 1 нь ядуу амьдардаг зэрэг Монголын нөхцөл байдлыг харгалзан үзсэн эдийн засаг, санхүү, НББ-ийн боловсролын үзэл баримтлалыг хэрэгжүүлмээр юм. Үүнтэй холбогдуулж НББ, санхүүгийн тайлагнал, шинжилгээ, судалгааны талаарх зарим нэг саналаа бичив. 1. Байгалийн өөрийнх нь урт удаан хугацааны хөгжил, хувьслын бүтээл, нийгмийн харилцааг агуулан зөөгч, илэрхийлэгч болсон хүн аливаа шинэчлэл, өөрчлөлтийг санаачлагч, бүтээгч, хөгжүүлэгч, туршин хэрэгжүүлэгч, түгээн дэлгэрүүлэгч, харилцан мэдээлэгч, экспортлогч байдаг билээ. Шинэчлэлийг манлайлагчдын үйлдэл, сэтгэлгээний үлгэрлэл, хошуучлал, харилцааны бүрдүүлсэн уур амьсгал нь хөдөлмөрийн хамт олон, мэрэгжил нэгт бүлгүүдийн зан төлөв, ирээдүйн амжилт, хөгжилд толины тусгалд буусан эерэг дүрс лугаа адил нөлөөлж, зоригжуулж, чиглүүлэгч хөтөч нь болдог талтай. Шинэчлэлийн талаар хэлсэн үг, хийх үйлдэл нь зөрдөггүй, бусдаас ялгаатай, өвөрмөгц мэдлэг, чадвартай судлаач, сургагч багш, мэргэжиж өөрчлөгдсөн нягтлан бодогч, санхүүгийн шинжээч, аудитор, үнэлгээчин, татварын зөвлөхийг сургаж бэлтгэх шаардлага ч тулгарч байгаа бололтой. Ажил үйлс дээрээ бодитойгоор шинэчлэгдээгүй Тэд нарын заримынхны хувьд бусдыг сургана, хянана, шалгана, мөн гадаадын санхүү, бүртгэл, татварын туршлагыг орчуулан нэвтрүүлнэ гэсэн үзүүлбэр, шоу, уриа лоозонгоо хэрэгжүүлэхэд нь хүндрэл бэрхшээл гардаг бололтой. Дэлхийн санхүү, НББ, татварын ирээдүйг угтан харснаараа, хөгжил дэвшлийн зүй тогтолт хандлагад нийцүүлэн өөрийгөө болоод бусдыг өөрчлөх чадварыг эзэмшсэнээрээ, мэргэжлийн салбартаа жишиг болохуйц шинэ мэдлэг, шинэ санаа, нээлтийг бүтээж хэрэгжүүлснээрээ эдийн засаг, санхүү, бүртгэл, татварын мэргэшсэн хэмээх цол, тэмдэгтэй ажилтан нь мэрэгжил нэгт жирийн ажилтнаасаа ялгагддаг хэмээн боддог билээ. 2. Түргэн үйлчилгээний цэг, мухлаг, цайны газар, бариа засал, мэрэг төлөгчийн газар, НББ-ийн дамжаанаас эхлүүлээд өмчийн бүх хэлбэрийн компани, албан газар, байгууллагууд нь орц, хонгил, хана, ширээ, тасалгаандаа монгол, англи хэлээр бичсэн үндэсний болон олон улсын шилдэг, шилдгийн шилдгийг нь нотолсон батламж, өргөмжлөл, диплом, медаль, ромб, тууз, магадлан итгэмжлэлийн гэрчилгээний үзмэр, сурталчилгаа байршуулсан атлаа ажлын чанар, шинэ мэдлэг, шинэ санаа, нээлтээрээ дэлхийн шинжлэх ухааны мэдээллийн санд хүлээн зөвшөөрөгдөж бүртгэгдсэн нь ховор байдаг бололтой. Сүүлийн үед  НББ-ийн дамжаануудын эрхийг түдгэлзүүлэх талаар цахим ертөнцөөр жиргэх нь үзэгдэх юм. Үйл ажилгаандаа багагүй хөрөнгө оруулж, НББ-ийн сургалт, түүний нэвтрэлт, чанарын өрсөлдөөнийг өрнүүлэхэд эерэг болоод сөрөг нөлөөллийг үзүүлсээр байгаа НББ-ийн дамжаануудад  захиргаадалтын аргаар бус, харин мэрэгжлийн арга зүйн дэмжлэг үзүүлэх, үйл ажиллагааны эрх зүйн орчинг нь бүрдүүлж өгөх хэлбэрээр нөлөөлвөл  зохистой гэж бодогдох юм. Эрх зүйн шинэтгэлийн хөтөлбөрийн хүрээнд их, дээд сургууль (ИДС)-ийн багшлах бүрэлдэхүүнийг бүх талаар чадваржуулах, сурах бичиг, гарын авлага, шинэ тутам гарч байгаа эрх зүйн материалаар хангах, эрдэм шинжилгээ, судалгааны хурал, хэлэлцүүлэг явуулах чиглэлээр нэлээд тогтвортой, чиглэсэн бодлоготой арга хэмжээ авсаар байдаг тул ИДС-ийн төгсөлтийн шалгалтанд Хууль зүйн яамны төлөөлөл оролцож, чиглүүлж, тусалж байгаа нь зүй ёсны хэрэг юм. Харин Сангийн яам, Мэргэшсэн нягтлан бодогчдын институт, хүрээлэнгүүдээс НББ-ийн чиглэлээр сургалт эрхэлдэгИДС-ийн ажилд мэргэшсэн арга зүйн дэмжлэг үзүүлж байсныг нь багшийн ажил эрхэлсэн 16 жилийн туршид миний хувьд бараг ажигласангүй. Харин ч НББ-ийн шинэ санаа, шинэ мэдлэгийг түгээн дэлгэрүүлэх талаар судлаач, багш нарын санаачилсан, бүтээснийг төдийлөн дэмждэггүй, гадаадын стандарт орчуулан хуулбарлах, төлбөрт сургалт явуулахад голлон анхаардаг юм уу даа гэж төсөөлдөг.  Мэргэшсэн нягтлан бодогчдын эрх олгодог, төлбөртэй сургалт эрхэлдэг бизнесийн байгууллагууд ИДС-ийн бие даасан үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцож төгсөлтийн шалгалтыг хянах талаар яриа гарах болсон нь энэ талын эрх, үүргийн хуваарилалт, шударга  өрсөлдөөний зохицуулалтанд хэр зэрэг нийцэж байгааг ч бодолцмоор юм. 3. Дэлхийн банкны дэмжлэгтэйгээр хэрэгжүүлэхээр оролдож байгаа СТОУС-аас гадуур зөвхөн Монголын судлаач, багш нарынхаа олон хувилбарт чөлөөт сэтгэлгээ, ургуулан бодох ер бусын урлаг, шүүн тунгаах авъяас билэгт тулгуурлаж зардлын бүртгэл, удирдлагын бүртгэл, санхүүгийн мэргэшсэн шинжилгээ, санхүүгийн инженерчлэл гэсэн асар өргөн орон зайд дэлхийн шилдэг шинэ санаа, шинэ мэдлэг, хосгүй нээлт хийх боломж байгааг ашиглаж чадаагүйгээр 10 гаруй жилийг ардаа орхив. Чөлөөт сэтгэлгээнд суурилан шинэ мэдлэг, шинэ санаа бүтээх гэдэг бол гадаад хэлнээс СТОУС–ыг хуулбарлан орчуулахаас эрс өөр бөгөөд эрдэм судлалын онцлог, өвөрмөгц ажил мөнөөс мөн билээ. Бие даасан судлаачдын бүтээж, хэрэгжүүлсээр байгаа шинэ санаа, шинэ мэдлэгийг санхүү, НББ, татварын сургалт, судалгааны уламжлалт тогтолцоо, энэ талаарх цаг үеэс хоцрогдож хуучирсан сэтгэлгээнээс ялгаж танин мэдэх, суралцаж ойлгох, туршиж хэрэгжүүлэх нь бусдаас ихээхэн мэдлэг чадвар, тэвчээрийг шаардах нь мэдээж. Үйл ажиллагааны зардал (ҮАЗ) нь нөхөн үйлдвэрлэлийн явцыг борлуулалт, арилжаа, солилцооны хүрээнд үргэлжлүүлэхтэй холбоотой учраас түүнийг орлого, үр дүнгийн тайланд тусгахгүйгээр үйлдвэрлэлийн нэмэгдэл зардал (ҮНЗ)-ын нэгэн адил үйлдвэрлэлийн зардал, бүтээгдэхүүн, ажил үйлчилгээнд ногдуулан хуваарилах саналыг дэвшүүлэн хэрэгжүүлж болох талтай. 2004 оноос эхлэж бие даасан судлаач Бид нар ҮАЗ болон ҮНЗ-ыг зардлын төвүүдэд хуваарилах, тэдгээр зардлын хэлбэлзлийн нөлөөллийг тооцоолох олон шинэ аргыг шинээр бүтээн сургалтанд нэвтрүүлж, улмаар tyondon.blogspot.com., tyondon.blogmn.net-д байршуулан интернетээр түгээж ирсэн болно. Дэлхийн зарим боловсролын тогтолцоо, сургалтын агуулга, чанар, арга технологи нь тив, бүс нутаг, эвсэл холбоо, улс орны нийгэм-эдийн засаг, шинжлэх ухаан-техник, байгаль орчны урьдчилан таамаглашгүй өөрчлөлт, хөгжлийн хурдцаас илэрхий хоцрогдож, зарим талаараа мухардалд орж, шийдлийн гарцыг хайсаар байгаа талаар судлаачид нийгмийн мэдээллийн хэрэгслээр бичиж, жиргэх болжээ. Эдийн засаг, санхүүгийн хямрал, элдэв зөрчил, давагдашгүй хүчин зүйлийн үйлчлэл, болзошгүй эрсдэлийн хэмжээ, хамрах хүрээ, хугацааны үргэлжлэл, давтамж, харилцан хамаарлыг танин мэдэх, тайлбарлах, хохирол багатайгаар гэтлэн давахад санхүү, НББ, татвар, менежмент, маркетинг, хүний нөөцийн өнөөгийн боловсролын тогтолцоо хүчин мөхөсдөж байгаа нь ажиглагдах болсон. Монголын НББ, санхүүгийн тайлагнал, хяналт, шинжилгээний арга зүйн удирдлагын хангалтгүй түвшин, эдийн засаг, санхүү, татвар, НББ-ийн бакалавр, магистрын болон түүний дараах мэргэшүүлэх шатны сургалтын чанарын өнөөгийн сул түвшин нь уул уурхайн салбарын гадаадын хөрөнгө оруулалтын техник-эдийн засгийн үндэслэлд олон хувилбарт үнэлгээ хийх, зардлын зүйлчлэл, ангилалыг зөв гүйцэтгэх, технологийн үе шатаар зардлыг нь хуримтлуулан бүртгэж, бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний өртөг тооцох, ҮНЗ, ҮАЗ-ыг хуваарилах, санхүүгийн урт хугацааны төсөөлөл боловсруулах, нөөц ашигласны төлбөр, нэмэгдсэн өртгийн албан татвар, аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг төлөвлөх, ногдуулах, хураан авах, хяналт тавих зэрэг шил шилээ дарсан олон асуудалд оновчтой, алсын хараатай хариулт өгөх боломжийг тэр бүр олгохгүй байгаа бололтой. Монгол улсын НББ-ийн тухай хууль, НББ-ийн бодлогын баримт бичиг, СТОУСын дагуу бэлтгэсэн санхүүгийн тайлан болон Монгол улсын татварын багц хуулийн дагуу бэлтгэж, татварын албанд хүргүүлсэн татварын тайланг үндэслэн аж ахуйн нэгж (ААН), албан байгууллага нэг бүр улирал, жилийн санхүүгийн тайландаа хүчин зүйлийн динамик шинжилгээ хийх, санхүүгийн мастер төсөв боловсруулах, хөрөнгө оруулалтын уян хатан төлөвлөгөө бэлтгэж хэвшүүлэх нь чухал юм. ААН-ийн санхүүгийн үйл ажиллагаанд шууд болоод урвуу чиглэлээр үйлчилдэг олон хүчин зүйлийн нөлөөлөл байдаг тул удирдлагын цаг үеэ олсон, оновчтой шийдвэр гаргахад үзүүлэлтүүдийн харьцааны шинжилгээний уламжлалт аргыг дагнан хэрэглэхэд бэрхшээл учирдаг. Иймд юмс үзэгдлийн зүй тогтолт хандлага, өөрчлөлтийг дундажлан илэрхийлдэг статистикийн арга, хэд хэдэн хувилбарт сонголтоор нэг үнэн зөв шийдэлд замчлан хүргэдэг хэрэглээний математикийн аргыг санхүү, татварын төсөвлөлт, тооцоолол, шинжилгээ, хяналт үнэлгээ болон орчин цагийн зардлын бүртгэл, удирдлагын бүртгэлийн загварчлалд өргөн, шинжлэх ухаанчаар ашиглах боломжтой. Тэрчлэн аж ахуйн үйл ажиллагааны явц, үр дүнд тодорхойгүй, санамсаргүй хүчин зүйлс нөлөөлж байдаг тул сонгон судалж байгаа үр дүнгийн үзүүлэлт ба түүнд нөлөөлсөн удирдан хувьсагчдийн хоорондох статистик хамаарлыг корреляцийн шинжилгээ, олон хувьсах хэмжигдэхүүний регрессийн тэгшитгэлээр илэрхийлэх шаардлага ч гарч байдаг. Ер нь хөрөнгө оруулалтын үр ашгийн тооцоолол, техник-эдийн засгийн үндэслэл боловсруулахад оролцож байгаа гадаадын талын бэлтгэгдэж мэргэшсэн төлөөлөлтэй хамтран ажиллах, санал бодлоо Тэд нарт үнэмшилтэйгээр батлан ойлгуулах, зарчимч эрх ашгаа хамгаалан авч үлдэхэд эдийн засаг, санхүү, татвар, банк, цалин хөлс, менежмент, маркетинг, хүний нөөц, НББ-ийн мэдээллийг боловсруулж хэрэглэх тоон судалгааны орчин цагийн аргыг академик өндөр түвшинд эзэмшсэн байх шаардлага ч манай талаас оролцогч багийнханд мөн тавигдах ёстой болов уу гэж төсөөлдөг. Ашгийн төлөө үйл ажиллагаа эрхэлдэг гадаадын хөрөнгө оруулагч нэг бүр Монголчуудад туслах гэсэн буяны сэтгэл өвөрлөн ирдэггүй байх. Тэд нарын урьдчилан бэлтгэсэн аливаа дэлгэрэнгүй болон нэгтгэсэн тооцоо, эрх ашгаа хамгаалах гэсэн үндэслэлийг олон талаас нь хянан шалгахад буруудах зүйлгүй дээ. Гадаад орныг төлөөлөн гэрээ, хэлэлцээр, төсөл, судалгаанд оролцогчид нь хамтрагчдынхаа мэдээллээр хомс, мэдлэг, чадвар хангалтгүй, санхүүгийн түр зуурын хүндрэлтэй байдлыг сөрөгөөр ашиглахаас төдийлөн татгалздаггүй бололтой. 4. Олонх үйл явдал нь буцах холбооны зарчмаар мөчлөг даган давтагдаж байдаг бөгөөд орц, явц, төгсөлийн шатыг дамжин өрнөсөөр байдаг. Инженерийн тооцоо, судалгаанд үндэслэн барилгын суурийг чамбай тавьчихвал дараа дараагийн үе шатны ажилд учирч болзошгүй эрсдэл, санамсаргүй хүчин зүйлийн нөлөөллийн магадлал буурдаг. Юуг, хэрхэн тариалав, түүнийхээ ургацыг л хожим нь хураан авдаг гэж хэлдэг биздээ? Боловсролын үнэлгээний алба байгуулагдаад 10-аад жил өнгөрсөн гэх хэдий ч үйл ажиллагааных нь шинэчлэл, дэвшил удаан, хэрэглэгч, судлаачдыг мэдээллийн сангаар үйлчлэх, хангах тал дээр хойрго байх шиг. 100 (+A) онооны дээд хязгаартай кредит үнэлгээний тогтолцоонд 60 оноо нь хангалтгүй түвшний (F) үсгэн үнэлгээг илэрхийлдэг. Харин боловсролын үнэлгээний газар сүүлийн 2 жил дараалан элсэлтийн ерөнхий шалгалтын босго оноог үнэмлэхүй дундаж утгаас нь доогуур 800:2=400-гаар тогтоосоор байгаа нь кредит системд шилжүүлвэл 400*100:800=50 оноонд буюу (-F) үсгэн үнэлгээнд тохирч байх юм. Энэ жилийн шалгалтанд 400 оноо авчихвал цаашид 2.5 жил хүчин төгөлдөр үргэлжилнэ гэсэн тайлбар дагалддаг бололтой. Хүүхэд бүрийг хөгжүүлэх, зөв хүүхэд төлөвшүүлэх аяны явц, үр дүн нь элсэлтийн босго оноог хэт доогуур тогтоож, дээд боловсролд хөл тавих шалгуурыг хялбарчлан хэлбэрдэхтэй утга нэг гэж  төслийн зөвлөхүүд нь хэлдэг юм байлгүй дээ! Ийм эрсдэлтэй оноотой элсэгчид гол төлөв онооны эрэмбэлэлтээр хувийн өмчийн ИДС-д элсэн орж, сургалтын хөтөлбөрийн агуулгын дундаж стандартыг хэрэгжүүлэхэд бэрхшээл учруулж, ИДС-ийн дэлхийн зэрэглэлийг шатлан ахиулахад сөргөөр нөлөөлж байгааг харгалзан үзүүштэй. 400-гийн босго оноотонгуудын зарим нь эдийн засаг, статистик, татвар, санхүү, банк, НББ, бизнесийн болон зах зээлийн удирдлагын мэрэгжлээр ИДС-д элсэн суралцдаг билээ. 5.НББ, санхүүгийн тайлан бол аж ахуйн үйл ажиллагааг илэрхийлэх толь мөн” хэмээн үеэ өнгөрөөсөн социализмын тогтолцоонд сургадаг байсан бол зах зээлийн СТОУС-ийн нэвтрэлтийн явц, үр дүн нь татварын өршөөлийн хууль давтан гарахыг хүлээзнэх, татвар ногдох орлогоо нуух, зайлсхийх аргаар санхүүгийн давхар тайлан бэлтгэх нь зөв мэт ташаа ойлголтыг өөгшүүлэхэд сургаж, дадлагажуулаад байх шиг санагдах юм. Татвараа шудрагаар өөрөө тодорхойлж, хугацаанд нь бүрэн төлсөн татвар төлөгч нь анхаарал, хөнгөлөлт, чөлөөлөлтийн гадна үлддэг байж магадгүй. ААН-ийн үйл ажиллагааны хэм хэмжээг чиглүүлэн зохицуулдаг НББ, санхүүгийн тайлагнал, бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний өртгийг тооцоолж, төлөвлөх болон орлогыг тайлагнаж хуваарилах тухай заавар, журам, гэрээ хэлэлцээрийг маш ойлгомжтой, салаа утгагүй, нэмэлт тайлбаргүйгээр боловсруулж мөрдүүлэх нь чухал. ААН-ийн үйл ажиллагааны мөчлөг бүрийн дагуу зарцуулах шууд материал, шууд хөдөлмөр, ҮНЗ, мөн дуусаагүй үйлдвэрлэл, хорогдол, бэлэн бүтээгдэхүүн, түүний хүргэлт, борлуулалт, орлогын цуглуулалт, өр төлбөрийн төлөлт зэрэг нөхөн үйлдвэрлэлийн урсгалын үе шат тус бүрийн шууд ба шууд бус зардал, мөнгөн хөрөнгийн ажил гүйлгээг бүртгэх, журналдах, нэгтгэж тайлагнах, хянах, шинжлэх, улмаар холбогдох мэдээллийг ирээдүйн хувилбарт төсөв, хөрөнгө оруулалтын шийдвэр гаргахад ашиглах шаардлага тавигддаг. 1990-ээд оноос өмнө Сангийн яамны нягтлан бодох бүртгэл, тайлангийн хэлтсийн ажилтнууд үйлдвэр, аж ахуйн газар бүрийн бүртгэл, тайлан, тооцооны ажлын зохион байгуулалт, явц, үр дүнтэй 2 жил тутам биечлэн танилцаж мэрэгжлийн туслалцаа үзүүлдэг, санхүүгийн тайланг дансны бичилтээр шалгаж хүлээн авах, бүтээгдхүүний өртгийг төлөвлөх, тооцоолох, НББ-д тусгах аргачилалыг аж үйлдвэр, зам тээвэр, барилга угсралт, геологи хайгуул, мал аж ахуй, газар тариалан зэрэг эдийн засгийн голлох салбар бүрийн үйл ажиллагааны онцлог, технологийн үе шатны дамжлагад нийцүүлэн боловсруулж өгдөг байсан. Ингэснээрээ 1970-1980 онд бизнесийн ААННББ–ийн журнал-ордерийн тогтолцоог, төсөвт албан байгууллагад мемориал-ордерийн тогтолцоог бүрэн нэвтрүүлж чадсан билээ. 1 га-гаас хураасан ургацын бодит зардал, барилга угсралтын 1 метр квадрат талбайн төсөвт өртөг, 1 литр архи, ундааны гүйцэтгэлийн ба төлөвлөгөөт өртөг, малын нас дэвшилтын зардал зэрэг нарийн чимхлүүр тооцооллыг ААН, дэд салбар, салбарын хэмжээнд хятад сампин, орос сампин, арифмометр, ширээний тооны машин ашиглан хийж, улмаар тэдгээрийг төсөв, төлөвлөгөө боловсруулах, удирдлагын шийдвэр гаргахад хэрэглэдэг байсан. Төрийн өмчийн болон төрийн өмчийн оролцоотой ААН-ийн үйл ажиллагаанд  мөрдвөл зохих анхан шатны бүртгэлийн маягт, нэг хэвийн маягт, НББ-ийн зарим журнал, дэвтэрийг санхүү, статистикийн төв байгууллагаас батлан мөрдүүлж ажиллахад хяналт, судалгаа, шинжилгээний өнцгөөс нь бодолцоход буруудах зүйлгүй л байх. СТОУС–ын дагуу нэвтрүүлж байгаа санхүүгийн тайлангийн маягтуудын бүтэц, зүйл анги, үзүүлэлтүүдийг Монгол орныхоо санхүү, бүртгэл, татварын тогтолцооны түүхэн тодорхой онцлог, цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулж  өөрчлөх, шинэчлэх саналыг гадаадын төсөл санаачлагчдын урдаас угтуулан тавихад яагаад болохгүй гэж? Үнэндээ СТОУС нь ААН-ийн санхүүгийн байдал, үр дүнг өвөрмөгц аргаар тодорхойлж, гадаад, дотоод хэрэглэгчдийг шаардлагатай, цэгцтэй мэдээллээр хангадаг тунхаглалын шинжтэй баримт бичиг бөгөөд түүнийг эрх бүхий байгууллагаас шинээр бүтээж, өөрчилж, хүчингүй болгож л байдаг. Манайд мөрдүүлж байгаа санхүүгийн тайлангийн маягт, түүний агуулга нь зөвхөн үзүүлэлтүүдийн харьцааны шинжилгээ гүйцэтгэх, баланс болон орлого, үр дүнгийн тайлангаар хэвтээ, босоо шинжилгээ явуулах шаардлагад үндсэндээ нийцсэн, удирдлага, хөрөнгө оруулалт, хөдөлмөрийн нөөцийн олон талт шийдвэр боловсруулахад хэрэгцээтэй мэдээллийн агууламжаар хомс байдаг нь ажиглагддаг. Санхүүгийн 4 тайлангаас өмчийн өөрчлөлтийн тайлан, мөнгөн гүйлгээний тайлан нь танин мэдэхүй, логик сэтгэлгээний ач тустай ч төсөвлөлт, хувилбарт тооцоолол, хяналт, шинжилгээнд практикийн ач холбогдлоор харьцангуй бага билээ. Заримдаа стандарт, норм, жишиг хэмээх үг хэллэгийн цаана санхүү, бүртгэл, тооцооны хайрцагласан, царцанги, хоцрогдож үеэ өнгөрөөсөн, ёс төдий тунхаглал, албадлагын ойлголт амь бөхтэй нуугдаж, хөгжил, дэвшлийн замд хөндөлдөж, саад учруулсаар байдаг тал бий. Бусдаас юуг нь тусган авч, ургуулан сэтгэж, түгээн дэлгэрүүлэх вэ? алиныг нь шүүн тунгааж, түүнийг анхаарлын гадуур үлдээж тойрч гарах вэ? гэдэг асуудал ч мэдээллийн даяарчлалын өнөөгийн үед чухал байдаг бололтой. Ганцхан жишээг эш татахад, санхүүгийн хүндрэл, дампуурлын болзошгүй байдлыг таамаглахад Э. Альтманы боловсруулсан төлбөрийн чадварын индексийг сургалт, судалгаанд үндэслэлтэй, зөв ашигламаар л байх юм. Түүний тооцооллын арга зүйд тулгуурлаж Монголын эдийн засгийн зарим салбарын хувьд компанийн дампуурах магадлалыг оношлох ZETA загварыг Үндэсний статистикийн хороо, Сангийн яам, Монгол банкнаас эрхлэн тооцоолж боловсруулаад өгчихвөл танин мэдэхүй, сургалт, практикийн ач тустай байхсан билээ. Энд өөрийн капиталыг зах зээлийн үнээр үнэлэх шаардлага гарах л байх. Ер нь дээрх төв байгууллагууд олон төсөл хэрэгжүүлдэг сураг дуулддаг ч чиглэсэн зорилготой, гол гогцоо асуудал шийдвэрлэхэд хөтөч болж чадах онол, практикийн ач тустай, танин мэдэхүйд үлдэцтэй, шинжлэх ухаанлаг арга зүйн туслалцаа үзүүлж байгаа ажил нь тэр бүр харагддаггүй. Тоймчилсон мэдээгээр Монголд төрөл бүрийн чиглэлээр үйл ажиллагаа  эрхэлдэг 100 орчим ИДС, 60-аад академи, бараг 23,000 төрийн бус байгууллага байдаг гэсэн сураг гардаг боловч тэдгээрийн бүтээсэн яг энэ байна гээд үзүүлчихмээр, дэлхийн шинжлэх ухааны мэдээллийн санд бүртгэгдсэн эдийн засаг, санхүү, банк, статистик, эконометрикс, татвар, менежмент, маркетинг, хүний нөөц, НББ-ийн шинэ санаа, шинэ мэдлэг, нээлтийн талаарх мэдээлэл дуулддаггүй, интернетээр аялахад хайлтын ямар нэг үр дүн илэрдэггүй билээ. Санхүүгийн тайланд хүний нөөцийн ашиглалттай холбоотой мэдээлэл, зарим нэг биет хэмжигдэхүүний үзүүлэлтийг суулган өгч, баталгаажуулан нэгтгэж дэд салбар, салбар, макро эдийн засгийн түвшинд  дүгнэлт, шинжилгээ хийх санал санаачлага гаргаж болох л юм. Дандаа гадаадын зөвлөхийн удирдамж, орчуулгын дүрэм, журмаар санхүүгийн тайлагнал, НББ-ийг удирдан зохион байгуулах боломжгүй. Хааяа нэг, үндэслэл, учир шалтгааныг нь сайтар гаргаж, гадаадынханд эргүүлэн ойлгуулаад Уучлаарай, энэ удаад үгүй, боломжгүй гэж хэлдэг харилцааны эв дүй, мэдлэг, чадвартай байх шаардлага ч гарч ирж болох юм. Үндэсний агуулгатай, олон улсын стандартын элементүүдээс тусгасан санхүүгийн тайлагналын Монгол улсын стандарт (СТМУС)-ыг эхлэж боловсруулаад түүндээ суурилан СТОУС-ыг нэвтрүүлэх гэж хичээсэн бол арга зүй, судалгааны логикийн хувьд илүү зөв байсан байж ч мэдэх юм. Эдийн засгийн голлох салбар бүрийн санхүү, НББ-ийн тогтолцоо, зардлын хуримтлал, ангилал, зүйлчлэл, нэгж бүтээгдэхүүний өөрийн өртгийн тооцоолол, бүртгэл, төсөвлөлт, орлого, ашгийн тайлагнал, татварын төлөвлөлт, ногдуулалт, төлөлт, хяналт шалгалтын онцлогт нийцсэн СТМУС-ыг боловсруулж, нэвтрүүлэх талаар санаачлага гаргаж ажиллах хэрэгтэй юм шиг санагддаг. Уул уурхайн салбарт СТМУС-ыг боловсруулан мөрдүүлэхэд  дэлхийд алдартай бөгөөд эдийн засаг, санхүү, НББ-ийн 40-өөд жилийн арвин баялаг туршлага хуримтлуулсан уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрээс суралцах, үлгэрлэн дууриах зүйл асар их билээ.

 



. Сэтгэгдэл бичих . Найздаа илгээх

Сэтгэгдлүүд

Миний тухай

It's kind of researching financial analyzing & accounting modeling.

Сүүлийн бичлэгүүд

. “Эдийн засгийн математик-Economical mathematics” сэдвээрх блог нийтлэлүүд
. Санхүүгийн мэргэжлийн шинжээчдийн сургалт
. Шинэлэг сургалт
. 2015.10.01-ээс сургалт эхэлнэ
. Математикт суурилсан санхүү, бүртгэлийн сургалт
. Сургалтын шинэ сайт нээгдлээ
. Шинэ сайт нээгдлээ
. Шинэ мэдлэг, шинэ санааг бие дааж хөгжүүлцгээе(Дю-Понтын шинжилгээ), бүтээе, Нийтлэл 37, Let’s self-create & self-develop new knowledge & new ideas (Du-Pont analysis) with text, Post 37
. Шинэ мэдлэг, шинэ санааг бие дааж хөгжүүлцгээе(Дю-Понтын шинжилгээ), бүтээе, Нийтлэл 37, Let’s self-create & self-develop new knowledge & new ideas (Du-Pont analysis), Post 37
. Судалгаа,чадамжид суурилсан сургалт
. 2014-2015 онд Монголын дээд боловсролын шинэчлэлийн талаар бичсэн блог нийтлэлийн жагсаалт . The tentative list of blog posts of Mongolian higher education innovation for 2014-2015.
. Хаана суралцах вэ? Нийтлэл 34, Where should study? Post 34
. 1 дүгээр дамжааны оюутан, Нийтлэл 33, First year student, Post 33
. Дадлагын ажил (ДА) ба нягтлан бодогчийн тооны норматив, нийтлэл 32; Instruction course & normative numbers of accountants”, post 32
. Монголын боловсролын шинэчлэл-Mongolian education innovation

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

. TS.Songuuli
Бичлэг: 23 » Нийт: 124
Өмнөх | Дараагийн



:-)
 
xaax