Accounting

2015-04-20

Санхүү, бүртгэлийн ажлын талаарх санал бодол, Нийтлэл ЗО, Opinion of financial & accounting operations, Post 30

Санхүү, бүртгэлийн ажлын талаарх санал бодол, Нийтлэл ЗО,

Opinion of financial & accounting operations, Post 30

Сүүлийн хэдэн жилд уул уурхайн баялагт түшиглэсэн экспортын баримжаатай нээлттэй эдийн засгийг хөгжүүлж гадаадын хөрөнгө оруулалтыг татах арга хэмжээ авч байна. Энэ ажлын явц, өрнөлт, хөгжил, дэвшил, эдийн засгийн бодит өгөөж нь санхүүгийн тайлагналын олон улсын стандарт (СТОУС)-ын нэвтрэлт, санхүүгийн мэргэшсэн шинжилгээ (СМШ)-ний прагматик хэрэглээ, татварын багц хууль (ТБХ)-ийн мөрдөлттэй зарим талаар холбоотой байж болох талаарх зарим саналаа бичив. 1. Санхүүгийн тайлан нь бизнесийн нэгжийн үйл ажиллагааны өнгөрсөн, одоо, ирээдүйг холбосон  мэдээллийн нэгдсэн сан, түүний даяарчлагдсан сүлжээг бүрдүүлэх, хүчин зүйлийн динамик шинжилгээ хийх, хөрөнгө оруулалтын олон сонголтот санал дэвшүүлж хэрэгжүүлэх үндэслэл болдог.  Эх орноо төлөөлж хөрөнгө оруулалтын төслийн багт орж ажиллагсад нь хүсэн хүлээж байгаа үр дүнд хүрэх алхам бүрийг илэрхийлсэн замын зураг бүхий удирдамжтай байж, учирч болзошгүй эрсдэл, хожмын үр дагвар, санамсаргүй хүчин зүйлийн нөлөөллийг урьдчилан тооцоолсон, энэ бүхэнд шаардагдахуйц онолын мэргэшсэн мэдлэг, практикийн чадвартайгаар өөрсдөө бэлтгэгдсэн байх ёстой гэж бодох юм. Төслийн багт сонгогдож ажиллах гишүүдийн уул уурхайн тодорхой салбарт ажиллаж хуримтлуулсан туршлага, салбарын үйлдвэрлэл, техник-технологи, эдийн засаг, санхүү, төлөвлөлт, банк, татвар, нягтлан бодох бүртгэл, СМШ, хэрэглээний математикийн болон статистик судалгааны орчин цагийн мэдлэг, чадвар, мөн санал бодлоо цэгцтэй, шинжлэх ухаанчаар амаар ба бичгээр чөлөөтэй илэрхийлэх, найруулан бичих урлагыг эзэмшсэн түвшинг харгалзан үзэх нь Тэд нарын гадаадад сургууль төгссөн диплом, эрдмийн зэрэг, мэргэшсэн сургалтын цол, батламж, комьпютерийн хэрэглээний мэдлэгээс ч илүү чухал байж болзошгүй юм. Монголын талаас төслийн багт оролцдог зарим нэг ажилтан нь уул уурхайн салбарт туулж өнгөрүүлсэн ажлын туршлага, онолын тусгайлж бэлтгэгдсэн мэдлэг, санаа бодлоо бичвэрээр болон тоон судалгааны олон хувилбарт, өвөрмөгц аргаар илэрхийлэх арга ухааныхаа хувьд гадаадын талын төлөөлөлийнхөнд гологддог, харилцан ашигтай санал бодлоо олон сонголттойгоор дэвшүүлэх, түүнийг итгэл үнэмшилтэйгээр батлан нотлох, хамгаалах арга барилаар дутмаг байдаг бололтой. Иймээс Тэд нар гадаадын талаас санал, төсөл эхэлж боловсрогдохыг хүлээзнэх, хайрцаглаж, боосон санал, шахалт, шаардлагын хүрээнд нь зөвхөн үг үсэг, найруулга, тооцооллын засвар хийх техник ажлын дайварын хүрээнд ажиллахад хүрдэг тал байдаг юм уу? даа гэж бодогддог. 2. Аж ахуйн нэгж (ААН)-үүд санхүүгийн тайлангаа татварын зорилгоор бэлтгэхийг илүү чухалд үздэг нь ТБХ-ийн тогтолцоо, түүний шинэчлэл, өөрчлөлтийн агуулга, нийгэм-эдийн засгийн харилцаанд үзүүлэх эрх зүйн хөшүүргийн үйлчлэл нь Монголын туулж ирсэн түүхэн хөгжлийн зүй тогтлыг илүүтэй илэрхийлдэг, хүлээх үүрэг, хариуцлагыг нэлээд тодорхой тусгадаг, орчуулгын бус ойлгомжтой хэллэг, найруулгатай, сургалт, сурталчилгаа нь нэлээд тогтворжсоны дээр Монгол орны нийгэм-эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, хүн амын амжиргааны түвшин, орлогыг тэгш хуваарилах нийгмийн баримжааг харгалзан үзсэн байдгаараа гадаад орчноос үүдэлтэй, албадлагын шинжтэй СТОУС-тай зэрэгцүүлэхэд хэрэгжих, нутагших боломжоороо давуу гэлцдэг. СТОУС-г Монголын НББ, санхүүгийн тайлагналд нэвтрүүлэх мэдээлэл, техник хэрэгсэл, хүний нөөцийн суурь хөрсийг хэр зэрэг бүрдүүлж өгсөн, цаашид түүнийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх асуудлынх нь эрэмбэ, дэс дараалал, гүйцэтгэх алхамууд ямар түвшинд байгаа, хүрэхээр онилсон зорилго, нэвтрэлтийн явцынх нь үе шат, үр дүнг ямар шалгуур, үзүүлэлтээр хэрхэн дүгнэх вэ? гэдэг нь нягтлан бодогч нарт анхнаасаа ойлгомжтой, ил тод байвал зүгээр байхсан гэж бодох юм. СТОУС-г Монголд хэрэгжүүлэхэд баримтлах графикчилсан төлөвлөгөө, үндэсний үзэл баримтлал, түүнийг нэвтрүүлэхэд эдийн засгийн голлох салбар бүрийн үйл ажиллагааны онцлогт нийцүүлэн баримтлах аргачилсэн заавар, журам гэх мэтийн эрх зүйн баримт бичгийг СТОУС-ыг хэрэгжүүлэх төслийг нэвтрүүлэгчийн хувьд Сангийн яамнаас эрхлэж яаравчлан гаргаад өгчихвөл зүгээр юм. Энэ бүхэн нь ААН-ийн удирдлага, санхүү, бүртгэлийн ажилтны зүгээс НББ-ийн бодлогын баримт бичгээ СТОУС болон ТБХ-д нийцүүлэн боловсруулж, улмаар батлан мөрдөхөд нь удирдлагын хөтөч болох талтай байх болно. Интернетийн сүлжээ, нээлттэй эдийн засаг, чөлөөт сэтгэлгээний өнөөгийн цаг үед бизнесийн харилцааны гүүр, шийдвэр гаргах судалгааны бааз нь үнэн зөв, ил тодорхой, цэгцтэй, шинэчилсэн агуулгыг тээгч санхүүгийн тайлан, НББ, статистикийн мэдээ гарцаагүй мөнөөс мөн билээ. Ажиглаж, дундажлаж, түүвэрлэж, магадлан илэрхийлж, нэгтгэн дүгнэж, задлан шинжилж, ойролцоолон тооцоолж, бүртгэж, журналдаж, дэвтэрлэж, тайлагнаж, хэлэлцэж, мэтгэлцэж, шүүн тунгааж чадаагүй олон үйл явц, үзэгдэл, ажил гүйлгээ хожим нь санамсаргүй хүчин зүйлийн үйлчлэл, эрсдэл, хэлбэлзэл, хазайлт, сарнилт, алдагдал, торгууль, алданги, гарз, үл үзэгдэх хийсвэр төсөөлөл мэтээр анхаарлын гадна үлдэж хоцордог. Тухайлбал, гадаад үрээр Монголд үр тариа ургуулахад эхний ээлжинд цаг уур, хур тундас, хөрсний үржил шимийг харгалзан үзэж, хөрсний хагалгаа, сийрүүлэлт, цэвэрлэгээ, үр суулгалт, нэмэлт бордоо, усалгаа гэсэн ар араасаа дагасан нөр их хөрөнгө, хөдөлмөр, технологийн арчилгаа зарцуулсны эцэст л 1 га-гаас дундажаар 13-16 центнер улаан буудай хураан авдаг гэдэг биздээ? 1 га-гаас хурааж авах ургацыг нэмэгдүүлэхэд сөргөөр нөлөөлсөн хүчин зүйлс нь эрсдлийг илэрхийлнэ. СТОУС-ыг Монголд нэвтрүүлэх гэсэн хэрэгцээ, шахалт нь үр тариа ургуулж, хураах авахтай зүйрлэж энэхүү эш татсан жишээтэй зарим талаараа төсөөтэй байж мэдэх нэлээд шаргуу хөдөлмөр, арга зүйн удирдлага, бодит дэмжлэгийг уг төслийг хэрэгжүүлэх эрх авсан субъектээс шаардах нь дамжиггүй. 3. Компанийн тухай хуулийн дагуу хөрөнгийн зах зээлд бүртгэлтэй хувьцаат компаниуд СТОУСД-д нийцүүлэн хагас, бүтэн жилийн санхүүгийн тайлангаа хөндлөнгийн шинжээчээр баталгаажуулах, хувьцаа эзэмшигч, харилцагчдад зориулж хэвлэн нийтлүүлэх үүргээ тэр бүр хэрэгжүүлэхгүй байгаа бололтой. Их, дээд сургууль (ИДС)-ийн бакалавр, магистрийн сургалт, мэргэшсэн гэсэн тодотголтой төрөл бүрийн сургалтаар санхүүгийн тайлангийн шинжилгээ, эконометрикс, статистик, математик загварчлалын чиглэлээр мэрэгжлийн болоод мэргэшүүлэх хичээл судлуулдаг боловч төгсөгч, шинжээч, мэргэшсэн нягтлан бодогч нар өөрсдийнхөө ажилладаг ААН-ийн улирал, жилийн санхүүгийн тайланд мэргэшсэн шинжилгээ хийхгүй байгаа нь ажиглагддаг. Худалдан авалтын аргаар бизнесийн нэгдлийг бүртгэх, хувьцаат компанийг хязгаарлагдмал хариуцлагатай компани болгож өөрчлөн байгуулах, биет бус хөрөнгийн гол хэлбэр болсон хаяасыг тооцоолж бүртгэх, ААН-ийн санхүүгийн хүндрэл, дампуурлын болзошгүй байдлыг урьдчилан таамаглах, өөрийн капиталын зах зээлийн үнэлгээ хийх зэрэг судалгаа, сургалт, бизнес, танин мэдэхүйн өргөн орон зайд хөрөнгийн үнэлгээний доривитой ахиц дэвшил, шинэчлэлт үгүйлэгдэж байна. Компанийн санхүүгийн тайлангийн шинжилгээний талаар хааяа нэг өнгөцхөн яригдаж байдаг хэдий ч бизнесийн нэгдэл, түүний охин компаниуд, үндэстэн дамнасан корпорацийн сегментүүдийн санхүүгийн шинжилгээ, мөнгөн гүйлгээний дотоод урсгалд тавих санхүүгийн хяналт орхигдсон бололтой.  Төрөл бүрийн төслийн явц, үр дүнг тайлагнах, судалгааны үндэслэлийг баталгаажуулахад гол төлөв анкетийн санал асуулга явуулсан, санамсаргүй түүврийн аргыг хэрэглэсэн гэсэн тайлбар хийх болсон нь зарим талаар эцсийн дүгнэлтийг захиалагчийн сонирхолд нийцүүлэн засамжилж өөрчлөх, учирч болзошгүй хожмын хариуцлагын эрсдэл, санамсаргүй хүчин зүйлийн нөлөөллийг судалгааны мэдээллийн баазын хомсдолтой тал, судалгааны аргын сонголт, шалгуур хүснэгтийн үзүүлэлтүүдийн итгэх магадлалын түвшин, компьютерийн хэрэглээний программын хэсэгчилсэн алдаанд хамаатуулаад бултах сөрөг нөлөөлөлтэй билээ. НББ-ийн мэдээллийг боловсруулж, санхүүгийн тайлан бэлтгэхэд өндөр үнэтэй, шүүн тунгаах агууламж муутай компьютерийн  программууд боловсруулж хэрэглэсээр ирсэн хэдий ч тэдгээр нь санхүүгийн тайлангийн цогц шинжилгээ хийх, НББ-ийн математик загварчлал бүтээх, зардлын бүртгэл, удирдлагын бүртгэлийн шинжлэх ухааны үндэслэлийг хөгжүүлэх, санхүүгийн инженерчлэлийн шинэ санаа, шинэ мэдлэгийг түгээх, хуваалцах, нэвтрүүлэх, экспортлох түүчээ болж чадахгүй байна. СТОУС-ын орчуулга, түүний хэрэглээний тайлбар, гарын авлагыг аж ахуйн нэгжийн орлогын албан татвар (ААНОАТ)-ын тухай хуулийн мөрдөлт, практиктай оновчтой холбоогүй, нэгдмэл, харилцан шүтэлцсэн байдлыг нь хангаагүй, зохиомлоор тусгаарлаж бие даалгасан, гаднаас нөлөөлсөн, албадлагын шинжтэй байлгадаг гэдэг яриа гардаг. Татварын бүртгэлийн сурах бичгүүд ч СТОУС-тай уялдаж холбогдоогүй, явцуу өрөөсгөл агуулгатай байдаг бололтой. НББ, тайлан, татварын эрх зүйн орчин нь тогтвортой, ойлголцлын элдэв зөрүүд хүргэдэггүй, хэрэгжүүлэхэд хялбар, сонгуулийн 4 жилийн мөчлөг дагаж туйлширч өөрчлөгддөггүй байх нь гадаадын хөрөнгө оруулагчдын урт хугацаатай, алсын хараатай үндэстэн дамнасан үйл ажиллагааных нь төлөвлөлт, санхүүжилт, зохицуулалтанд эерэгээр нөлөөлдгийг бодолцвол зүгээр юм. Монголын татварын эрх зүйн мэдлэг дутмагаас шалтгаалж гадаадын хөрөнгө оруулагчид нь татвар ногдуулах орлогыг болгоомжгүйгээр дутуу илэрхийлэх, хуримтлагдсан ашигт нэмэгдэх цэвэр ашгаас санхүүжигдвэл зохих хувийн хэрэглээний зардлыг үйл ажиллагааны зардалд шингээх, ажлын хүснэгтийн тохируулах бичилтийг дутуу гүйцэтгэх дутагдал гаргадаг тал байдаг бололтой. Ерөнхийдөө татвар ногдуулах орлогыг ААНОАТ-ын хуулийн дагуу тодорхойлдог бол татварын өмнөх санхүүгийн тайлангийн орлогыг СТОУС-д нийцүүлэн илэрхийлдгээс улбаатайгаар түр зөрүү болон байнгын зөрүү гардагтай дээрх нь холбоотой хэмээн тайлбарлаж, түүнийг анхаарлын гадуур орхиж болохгүй юм. Иймд санхүүгийн бүртгэл, түүний тайлагналд зайлшгүй тулгардаг хойшлуулсан татварын хөрөнгө ба хойшлуулсан татварын өглөгийн тооцоолол, түүний журналын бичилт зэрэг харилцан шүтэлцээтэй нэлээд асуудлыг багтааж тусгасан санхүүгийн үндэсний бүртгэлийн чамбай сурах бичгийг яаралтай бүтээж нийтийн хүртээл болгомоор л байна. 4. Монголд мэргэшсэн нягтлан бодогч, үнэлгээчин, санхүүгийн шинжээч, аудиторын болон татварын мэргэшсэн зөвлөхийн эрх, цол, тэмдэг олгодог, өндөр төлбөр хурааж авдаг олон институт, хүрээлэн, академи ажилладаг, төсөл хэрэгжүүлдэг гэх боловч тэдгээрээс үйл ажиллагааныхаа чиглэл, хүрээнд бүтээсэн үндэсний агуулгатай, олон улсын стандартын мэргэшүүлэх шаардлагад нийцэхүйц НББ, санхүүгийн тайлагнал, аудит, үнэлгээ, татвар, комьпютерийн программчилалын Монгол улсын стандарт харагдахгүй л юм. Жил бүрийн улсын төсөв, нэгдсэн төсөв, орон нутаг, нийслэлийн төсөв хэлэлцэж батлах цаг үетэй давхацуулж төлбөрийн чадваргүй, санхүүгийн тогтвортой байдал султай бөгөөд дампуурах магадлалтай төрийн өмчийн болон төрийн өмчийн оролцоотой ААН, албан байгууллагыг хувьчлах жагсаалтыг холбогдох дээд шатанд авч хэлэлцдэг уламжлал тогтжээ. Эдгээр ААН, албан байгууллагын эдийн засаг, санхүү, бүртгэлийн зохион байгуулалт, менежмент, маркетингийн үйл ажиллагааг гардан эрхлэгчийн нэлээд нь дээрх мэргэшсэн цол, тэмдэгтэн байдаг бололтой. Төрийн өмчийн томоохон компанийн ерөнхий нягтлан бодогч, ерөнхий менежерийн албан сэнтийд морилохын тулд Удирдлагын хөгжлийн академи төгсөх, Монгол улсын мэргэшсэн нягтлан бодогчийн цол, тэмдэг авсан байх ёстой гэлцдэг. Мэргэшсэн ажилтан, зөвлөхүүдийн мэргэшүүлэх сургалтын нэр хүнд, өгөөж нь Тэд нараас эрхэлсэн ажлынхаа агуулга, чанарт гаргаж байгаа шинэчлэл, хөгжил, дэвшил, бүтээж хэрэгжүүлсэн шинэ санаа, шинэ мэдлэгээр хэмжигдэж, шалгагдаж байх нь шударга гэж төсөөлдөг билээ. Мөн мэргэшсэн гэх бизнесийн байгууллагуудын багшлах бүрэлдэхүүний мэдлэг, чадварын түвшин сулавтар, мэргэшүүлэх сургалтын хөтөлбөрийн агуулга нь орчуулгын өнгө аястай бөгөөд мэргэшүүлэх гэсэн хаягандаа төдийлөн тохирч давхцаагүй, суралцагчдыг шинэ мэдлэг, шинэ санаа дэвшүүлж бодитойгоор хэрэгжүүлэх, давтагдашгүй өвөрмөгц нээлт бүтээх бэлтгэлд суралцуулж өгдөггүй, харин ч элсэгч, төгсөгчийн тоог нэмэгдүүлэх, сургалтын ахиу төлбөр цуглуулахад голлон анхаарч байна уу? гэхээр ажиглагддаг билээ. 5. 1959 онд анх Америкийн НББ-ийн зарчмын хорооноос эхлэлийг нь тавин хөгжүүлж, өөрчилж, шинэчилж ирсэн СТОУС-ыг Монголд нэвтрүүлэх гэж оролдсоноор урьдчилан таамаглаагүй зарим нэг асуудал, бэрхшээлтэй тулгарч, будилж байгаа бололтой. Сангийн яамны НББ-ийн бодлогын газрын үйл ажиллагааны чиглэл, хүрээ нь санхүү, тайлан, татвар, үнэлгээ, аудит, шинжилгээний мэдээллийг гаргагч, хэрэглэгчдийг арга зүйн удирдлагын заавар, журам, удирдамжаар хангах, сургалт, судалгаа явуулах, дэлхийн жишигт хүрсэн мэргэшсэн боловсрол олгоход чиглэсэн бүртгэл, тайлангийн үндэсний стандартыг бий болгох, энэ талаарх шинэ мэдлэг, шинэ санаа, нээлт бүтээх, түгээх, хуваалцах, хэрэгжүүлэх, экспортлох үүрэгтэй болов уу? хэмээн төсөөлж хүлээсээр сүүлийн 10 гаруй жилийг үдэвээ. Монголын санхүүгийн бүртгэлийн үндэсний стандарт (МСБҮС)-ыг гарч ирэхийг хүсэн хүлээж байгаа олон мянган хэрэглэгчдийн дотор уул уурхайн салбарын гадаадын хөрөнгө оруулагч болох Оюу толгой, Таван толгой, Саус Гоби Сэндс багтаж л байгаа биз. Тэдэнд ус, агаар шиг хэрэгцээтэй байгаа бүртгэл, тайлан, татварын тогтолцоо, зардлын тооцоолол, орлого, ашгийн хуваарилалтын хөтөч, ширээний ном нь болох ёстой МСБҮС–ыг хурдхан шиг гаргаад өгөх хэрэгтэй л байх даа. Тэднийг татварын ногдуулалт, бүртгэл, тайлагнал, төлөлтийн болзошгүй эрсдлээс урьдчилан хамгаалах, эрх зүйн таатай орчинд хүлээн авах, энэ чиглэлийн бодит туслалцаа, зөвлөлгөө үзүүлэх нь татварын давхар хяналтаар хожим нь илэрдэг зөрчил, маргаан, үл ойлголцлоос хамгаалж чадна. Ингэснээрээ сүүлийн үед мэдээлэх болсон татварын ногдуулалт, төлөлт, бүртгэл, тайлагналын талаарх маргаан, мэтгэлцээнд харилцан ойлголцлыг хангах, улмаар тэдгээрт цэг тавих, тогтвортой, ил тод, ойлгомжтой бөгөөд  дэлхийн санхүү, бүртгэл, тайлан, татварын зүй тогтолт өөрчлөлт, хөгжил, дэвшилд баримжаалсан эрх зүйн орчныг гадаад, дотоодын хөрөнгө оруулагч, мэдээллийн өгөгдлийн санг бүтээгч болон хэрэглэгчдэд зориулан бүрдүүлэх боломжтой байх. МСБҮС–ыг боловсруулж бүтээх ажлын хэсэгт үүрэг, даалгавар өгч, бусдын хийснийг дамжуулан мэдээлдэг албан тушаалтныг аль болохоор хязгаартай оролцуулж, уул уурхайн олборлох, боловсруулах салбар, геологи, эрэл хайгуул, хөнгөн, хүнс, газар тариалан, барилга угсралт, барилгын материал зэрэг үйлдвэрлэл, үйлчилгээний олон тэргүүлэх салбар, хүрээг хамруулсан ажлын төрөлжсөн, шинэчлэн бүтээгч хэсэгтэйгээр ажиллуулаад үзэхэд зүгээр байж мэднэ. МСБҮС–ыг татварын багц хууль, татварын бүртгэл, тайлагнал болон зардлын бүртгэл, удирдлагын бүртгэл, санхүүгийн мэргэшсэн шинжилгээ, аудит, хөрөнгийн үнэлгээ, НББ-ийн хэрэглээний программтай ухаалгаар холбож уялдуулах хэрэгцээ ч гарах л байх. Зоосны нэг талыг МСБҮС хэмээн хийсвэрээр төсөөлвөл нөгөө тал нь МСБҮС-аас бусад бүртгэл, тайлан, татварын нэгдмэл тогтолцоотой холбоотой үлдэх бүрэлдэхүүн хэсгүүд байх болно. Бүхэл бүтэн нэгдмэл тогтолцоог биежүүлэн бүтээгч дэд хэсгүүдээс зарим нэгийг нь орхигдуулваас эрсдэл, алдаа, хэлбэлзэл, болзошгүй өөрчлөлтийн хувийн жинг өсгөдөг, санамсаргүй хүчин зүйлсийн үйлчлэлийн хүч, орон зайг нэмэгдүүлдэг сөрөг нөлөөтэй. Эрсдлийн хувийн жинг бууруулах, судалгаа, шинжилгээ, боловсруулалтын хэт ачааллыг зөв хуваарилан байршуулах, цаг хожиж ургашлах зорилгоор төрийн байгууллагууд зарим нэг үүргээ оюуны бүтээлээрээ дэлхийд танигдаж, шинжлэх ухааны мэдээллийн санд нь бүртгэгдэж чадсан төрийн бус байгууллага, бие даасан судлаач нарт шилжүүлэх, хамтран ажиллах боломж мөн л нээлттэй байгаа билээ. Даяарчлагдаж, нэгдэн нийлж, төрөлжсөөр байгаа дэлхий дахины санхүү, бүртгэл, татварын тогтолцооны хөгжил, өөрчлөлт, шинэчлэлтээс Монголынх нь тодорхойгүй, ойлгомжгүй битүүлэг, нэг л хүрсэн байрнаасаа ургашалдаггүй зогсонги, шинэ санаа, шинэ мэдлэгийг мэдэрдэггүй, дэмждэггүйгээрээ ялгагддаг бололтой. Мөн энэхүү тааламжгүй нөхцөл байдал нь гадаадын хөрөнгө оруулагчлын хувьд үйл явцын өрнөлтийг чимээгүйхэн ажиглах, татварын давхар хяналтын хожмын шалгалтаас учирч болзошгүй эрсдлээс болгоомжлох, өдөр тутмын үйл ажиллагаандаа зайлшгүй шаардлагатай заавар, журам, удирдамжаар хангаж өгөхийг хүлээзнэх, зарим нэг нь зай барьж оруулсан капиталаа ч эргүүлэн татахад хүрдэг бололтой. Бие даасан судлаач Бид нарын НББ-ийн математик загварчлал, санхүүгийн мэргэшсэн шинжилгээ, зардлын бүртгэл, удирдлагын бүртгэлийн талаар бүтээж, интернетэд байршуулж ирсэн 200 гаруй шинэ санаа, шинэ мэдлэгтэй танилцахыг хүсвэл Tunteg Yondon with Web & Images болон tyondon.blogspot.com., tyondon.blogmn.net., Tunteg Yondon-Google plus., Tunteg Yondon on Twitter зэрэг хаягаар хайлт хийж танилцаарай.



. Сэтгэгдэл бичих . Найздаа илгээх

Сэтгэгдлүүд

Миний тухай

It's kind of researching financial analyzing & accounting modeling.

Сүүлийн бичлэгүүд

. “Эдийн засгийн математик-Economical mathematics” сэдвээрх блог нийтлэлүүд
. Санхүүгийн мэргэжлийн шинжээчдийн сургалт
. Шинэлэг сургалт
. 2015.10.01-ээс сургалт эхэлнэ
. Математикт суурилсан санхүү, бүртгэлийн сургалт
. Сургалтын шинэ сайт нээгдлээ
. Шинэ сайт нээгдлээ
. Шинэ мэдлэг, шинэ санааг бие дааж хөгжүүлцгээе(Дю-Понтын шинжилгээ), бүтээе, Нийтлэл 37, Let’s self-create & self-develop new knowledge & new ideas (Du-Pont analysis) with text, Post 37
. Шинэ мэдлэг, шинэ санааг бие дааж хөгжүүлцгээе(Дю-Понтын шинжилгээ), бүтээе, Нийтлэл 37, Let’s self-create & self-develop new knowledge & new ideas (Du-Pont analysis), Post 37
. Судалгаа,чадамжид суурилсан сургалт
. 2014-2015 онд Монголын дээд боловсролын шинэчлэлийн талаар бичсэн блог нийтлэлийн жагсаалт . The tentative list of blog posts of Mongolian higher education innovation for 2014-2015.
. Хаана суралцах вэ? Нийтлэл 34, Where should study? Post 34
. 1 дүгээр дамжааны оюутан, Нийтлэл 33, First year student, Post 33
. Дадлагын ажил (ДА) ба нягтлан бодогчийн тооны норматив, нийтлэл 32; Instruction course & normative numbers of accountants”, post 32
. Монголын боловсролын шинэчлэл-Mongolian education innovation

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

. TS.Songuuli
Бичлэг: 18 » Нийт: 124
Өмнөх | Дараагийн



:-)
 
xaax