Accounting

2015-06-10

Дадлагын ажил (ДА) ба нягтлан бодогчийн тооны норматив, нийтлэл 32; Instruction course & normative numbers of accountants”, post 32


Дадлагын ажил (ДА) ба нягтлан бодогчийн тооны норматив, нийтлэл 32; Instruction course & normative numbers of accountants, post 32

Их, дээд сургууль (ИДС)-ийн сургалтын нэг чухал хэсэг нь тэнхимийн гадуурх сургалт хэмээх танилцах дадлага (ТД) болон үйлдвэрлэлийн дадлага (ҮД) юм. Дадлага нь тэнхимд эзэмшсэн онолын мэдлэгээ хэрэглээ болгож хувиргах, турших бололцоог олгодог. ИДС-ийн холбогдох тэнхимээс боловсруулсан удирдамжийн дагуу  дадлагыг зохион байгуулдаг. Эдийн засаг, санхүү, нягтлан бодох бүртгэл (НББ)-ийн чиглэлээр сургалт эрхэлдэг зарим ИДС-ийн хувьд ТД–ыг 3 дугаар дамжааны төгсгөлд гол төлөв ажлын 30 хоногийн хугацаагаар, ҮД-ыг 4 дүгээр дамжааны төгсгөлд, тэнхимийн  мэргэшүүлэх дадлага-кейс (case) сургалтын дараагаар ажлын 45 хоногоор явуулж байгаа нь ажиглагддаг. Дадлага хийх байгууллагаа сонгоход түүний бизнес, үйлчилгээний чиглэл, хэмжээ, үр дүнг интернетээс хайж урьдчилан танилцах; энэ нь тухайн оюутны сурч байгаа мэргэжлийн чиглэл болон төгсөлтийн дараа эрхлэхээр төлөвлөсөн ажлын байртай хэр зэрэг нийцэх; дадлагын ажлаа чанартай гүйцэтгэх боломжийг олгож чадах эсэх, дадлагын тайлан бэлтгэх, улмаар төгсөлтийн ажил хийхэд хэрэгцээтэй тооны ба чанарын мэдээлэл цуглуулах, өөрийн давуу талаа илэрхийлж таниулахад тусалж дэмжих хүн байгаа эсэх; дадлага хийх хугацаанд гарах орон байр, тээвэр, амьжиргааны ямар зардал гарахыг харгалзах шаардлага оюутны хувьд гардаг. Дадлагын ажлын агуулга, хамрах хүрээ, чанар, үнэлгээнд нөлөөлдөг олон зүйл байдаг бөгөөд түүнийг гүйцэтгэхэд анхаарвал зохих зарим нэг бодлоо тоймлон  илэрхийлэв. ИДС тус бүр дадлагын удирдамж, түүний эхлэх болон дуусгавар болох сар, өдөр, үргэлжлэх хугацааг сургалтын төлөвлөгөө, мэрэгжлийн ба мэргэшүүлэх хичээлийн хөтөлбөрийг үндэслэн боловсруулж мөрдүүлдэг. Багш нартаа олгох 2015 оны ээлжийн амралтын цалинг хэмнэх зорилгоор энэ оны 4 дүгээр сард багтааж хичээл, шалгалтыг дуусгавар болгосон зарим ИДС-ийн удирдлага дадлагын үргэлжлэх хугацааг 5 ба 6 дугаар сарыг хамрахаар сунгасан нь 3-аас дээш голч дүнтэй сурсан оюутнуудад олгодог үндэсний тэтгэлэгийн санхүүжилт оройтсонтой холбоотой хэмээн нийгмийн сүлжээгээр жиргэсэн нь ажиглагдсан. 2015 оны эхний хагас жилд үндэсний тэтгэлэгийн болзол хангасан 44,000 орчим оюутан байгаа гэнэ. Өндөр голч оноотой оюутнууд гол төлөв төгсөлтийн ажил бичдэг тул судалгаа явуулах, тоон мэдээлэл цуглуулах, түүнд статистик-математикийн боловсруулалт хийх, бичвэр, зураг, файл бэлдэх, төлбөртэй зөвлөгөө, шүүмж авах, хэвлүүлэх, тараах зэрэгт Тэд нар санхүүгийн нэлээд хүндрэлтэй тулгарч байгаа нь ажиглагдсан. Зарим ИДС-ийн хувьд НББ-ийн кейс сургалтыг 7 дугаар улиралд гол төлөв 3 кредит цаг (32*3=96)-аар семинарын хэлбэрээр явуулдаг гэдэг. Санхүүгийн тайлагналын олон улсын стандарт (СТОУС), татварын багц хууль (ТБХ)-ийн дагуу санхүүгийн тайлан, татварын тайлан бэлтгэхтэй холбогдсон цогц бодлогыг оюутан нэг бүрээр бодуулж, нэг хэвийн анхан шатны бүртгэл, журнал, ерөнхий данс хөтлүүлж, ажлын хүснэгт бэлтгүүлж байгаа боловч кейс сургалтыг зардлын бүртгэл, удирдлагын бүртгэл, санхүүгийн математик, санхүүгийн тайлангийн мэргэшсэн шинжилгээ, хөрөнгийн үнэлгээ, санхүүгийн хэрэглээний программтай нэгдмэл байдлаар интеграцичилан холбож чадахгүй байгаа нь ажиглагддаг. Цогц бодлого боловсруулах, кейс сургалтын хөтөлбөр бэлтгэх, ТД болон ҮД-ын удирдамж гаргахад бакалаврийн сургалтын хугацаанд эзэмшсэн мэрэгжлийн болон мэргэшүүлэх 20 орчим хичээлийг аль болохоор бүрэн, агуулгын зөв харьцаатайгаар тэдгээрт тусгаж оруулах шаардлага гардаг. НББ-ийн онолын мэдлэгийн шалгалт болон цогц бодлогын бодолтоор төгсөлтийн шалгалтыг тус тусад нь явуулах болсон нь дэвшилттэй боловч цогц бодлогод санхүүгийн бүртгэл, зардлын бүртгэл, удирдлагын бүртгэл, аудит, санхүүгийн тайлангийн шинжилгээ, ахисан шатны бүртгэл, хөрөнгийн үнэлгээний өгөгдлийг арга зүйн хувьд багц байдлаар нэгтгэж авч үзээгүй нь заримдаа ажиглагддаг. НББ-ийн мэрэгжлийн хичээл, мэргэшүүлэх хичээл, СТОУС ба ТБХ-ийн харилцан шүтэлцсэн холбоог хангасан кейс сургалтын гарын авлага, олон хувилбарт цогц бодлогын номыг Сангийн яамнаас багшийн ном, оюутны номоор нь төрөлжүүлэн бэлтгээд өгчихвөл хэрэгтэй л байна. НББ-ийн хичээл бүрийн лекц, семинар, кейс сургалтыг өөр өөр багш заадаг учраас адилхан сэдэв, агуулгыг хэд хэдэн хичээлээр давтан заах нь түгээмэл. Харин зарим хувийн ИДС-д нэг багш хичээлийн жилд 10 гаруй төрлийн хичээл зааж, тэнхимийн 25-30 кредит цаг гүйцэтгэдэг. Иймээс заах хичээлийнхээ файлыг хараахан бэлтгэж амждаггүйгээс түүнийг бие биенээсээ сураглаж л байдаг. Мөнгөний цаг хугацааны үнэ цэнэ, түүний хэрэглээтэй холбоотой лекц, семинарыг 5-6 өөр хичээлээр яг адилхан агуулга, нэр томъёо, тоон жишээгээр, орчуулгын өнгө аястайгаар заасан гэж суралцагчид ярьж байдаг. Нийгэм-эдийн засгийн макро түвшний аль нэг салбарын тэгш ой тэмдэглэх, төр, засгаас ямар нэг шинэчлэл, өөрчлөлтийн шийдвэр гаргахдаа сурагчид, оюутнуудаар судлуулах хичээлийн тоог нэг нэгээр нэмэгдүүлдэг, энэ чиглэлээр гадаадын төсөл гэгчийг заавал дагалдуулан хэрэгжүүлдэг, үр дүнг нь хэмжиж тооцоход түвэгтэй, материаллагжиж үлдэх зүйлгүй элдэв семинар, зөвлөлгөөн, хэлэлцүүлэг, сургалт, show (үзүүлбэр) явуулдаг арга барил жишиг болсноос шалтгаалж суралцагчдаар заавал судлуулах хичээлийн тоо хяналтаас давж, улмаар ИДС-ийн хувьд гэхэд л мэрэгжлийн болон мэргэшүүлэх хичээлийн эзлэх хувийн жин нь 4 жилийн туршид оюутны цуглуулвал зохих 120-125 кредит цагийн дүнд буурсаар байна. Зарим ИДС-д хөтөлбөрийн хороо ажилладаг гэх боловч хичээлийн хөтөлбөр, сэдвийн нэр, лекцийн агуулгын хоорондын уялдаа шүтэлцээ, логик дэс дараалал, давхардал, хийдэгдлийг тухай бүр гярхай илрүүлдэггүй, нэгтгэн зангидаж засамжилдаггүй бололтой. Заримдаа аль нэг хичээлийг заах багш удаан хугацаагаар гадаадад томилолтоор ажилладаг, мөн цагийн багш олдсон тухайн тэр үед нь орхигдсон хичээлийг цагийн хуваарьт нөхөн суулгадгаас шалтгаалж хичээл хоорондын зэрэгцээ холбоо болон тэдгээрийн уламжлалт өмнөх ба дараах холбоо алдагдаж, бүр зарим хичээл огт заагдахгүй  өнгөрдөг ч бололтой. 500-600 орчим жилийн түүхэн хөгжлийн явцдаа төгс өрсөлдөөнт зах зээл, үнэт цаасны арилжаа, үндэстэн дамнасан корпорацийн бүтэц болтлоо өөрчлөгдөж ирсэн чөлөөт зах зээлийн бүтээсэн үнэт зүйл бүхнээс алийг нь шууд хуулбарлаж болох вэ? ямар нь манай орны НББ, санхүүгийн тайлагнал, татварын өнөөгийн цаг үе, нөхцөл, тогтолцоо, арга зүйд илүүтэй нийцэх вэ? гэдгийг бага ч гэсэн эргэцүүлэн бодож байвал зүгээр санагддаг. 2013 оны эцсээс UNESCO-гийн зөвлөмжөөр эхлүүлсэн гэх дээд боловсролын хөтөлбөрийн шинэчлэлт нь нэлээд санал зөрөлдөөнийг үүсгээд тодорхойгүй байдал, эргэлзээ, үл итгэлд оруулаад чимээгүй болчихлоо. Мөн Сангийн яамнаас хэрэгжүүлж байгаа СТОУС-ын нэвтрэлийн явц, үр дүн ч тааруухан байгаа бололтой. Зарим аж ахуйн нэгж (ААН)-ийн удирдлагаас ИДС төгсөгчдөд ажлын байранд дадлагажих хугацаа гэгчийг дур мэдэн тогтоож Тэд нарыг цалингүй ажиллуулдаг эсвэл нэлээд хэдэн сараар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнд цалинжуулдаг гэнэ. Ер нь хувийн хэвшлийн салбарт хөдөлмөрийн мөлжлөг илүүтэй байдаг нь ажиглагддаг. Кейс сургалтыг чанартай явуулснаар дадлагажих нэмэлт хугацаа шаардахгүйгээр төгсөгчдийг ажлын байранд үндсэн мэргэжлийнх нь дагуу шууд ажиллуулах бололцоо нээгдэнэ. ИДС-ийн энэ жилийн сургалтын төлбөр барагцаалвал 1,500 мянган төгрөг байгаа бололтой. Эндээс нэг кредит цагийн үнэлгээ ойролцоогоор ₮1,500,000:122.5*4 кредит=₮48,980 болж байна. Гэхдээ хичээлийн жилийн улирал бүрийн кредит цагийн багц, түүний үнэлгээ ялгаатай байдаг. 4 дүгээр дамжааны 7 дугаар улиралд мэргэшүүлэх хичээл бараг бүрэн хаагддагаас  оюутан 8 дугаар улиралд зөвхөн ҮД хийдэг, төгсөлтийн ажил бичдэг, төгсөлтийн шалгалт өгдөг ч зарим сургуулийн захиргаа оюутнаас жилийн сургалтын төлбөрийн 50%-ийг нэхэмжлэн авч байх юм. ИДС-ийн төлөөлөн удирдах зөвлөл үйл ажиллагаандаа хийсэн SWOT шинжилгээнд суурилж сургалтын жил бүрийн  төлбөрт боловсролын бизнес эрхлэхтэй холбогдож орох орлого, гарах зардлын урсгалыг бараг бүрэн тусгасан баймаар юм. Зарим хувийн ИДС багш нарынхаа цалингийн өсөлтийг царцаадаг боловч оюутны сургалтын төлбөрийг инфляцийн өсөлттэй уялдуулж нэмдэг байна. Оюутны ДА явуулах бааз хомсдолтой, ААН-ийн удирдлагын зүгээс ДАтуслалцаа дэмжлэг төдийлөн үзүүлдэггүй, дадлага хийх байгууллагыг оюутнууд өөрсдөө хайж олдог, оюутны дадлагыг удирдсан ААН-ийн албан тушаалтанд ИДС-ийн зүгээс хөдөлмөрийн хөлсний ямар нэгэн урамшуулал олгодоггүй нь ажиглагддаг. Санхүү, НББ-ийн ажилтны ажлын онцлог, ачааллын талаар төсөөлөл багатай ААН-ийн удирдлага нь нягтлан бодогч нарт Тэд нарын ажлын байрны тодорхойлолтонд шууд хамааралгүй элдэв хариуцлага үүрүүлж, төрөл бүрийн комиссын бүрэлдэхүүн, олон нийтийн ажил, хурал, цуглаан, сурталчилгаанд дайчилах нь элбэг. Ер нь байгууллагынхаа бизнес төлөвлөгөө, худалдан авалт, үйлдвэрлэл, борлуулалт, санхүү, бүртгэл, хөрөнгө оруулалт, гэрээ хэлцэл, хүний нөөцийн бүрдүүлэлт зэрэг бүхий ажилд нягтлан бодогчийг татан оролцуулж байдгаас Тэд нар өдөр бүр 12-14 цагийн ажлын цагийн үргэлжлэлтэйгээр, өглөөнөөс оройн 10 цаг өнгөртөл ажиллаж байх нь хэвийн үзэгдэл мэтээр төсөөлөгддөг ажээ. Нягтлан бодогч нь дээд шатны байгууллагад мэдээ гаргаж өгнө, санхүүгийн тайлан болон албан татварын тайлан бэлтгэнэ, дарга нарын хэлэх үгэнд шаардлагатай тооцоо, судалгаа хийнэ гэж хэлээд л амралт, баяр ёслолын өдрүүдэд ч албан өрөөндөө ажилласаар байдаг. Тэд нарын нэлээд нь эмэгтэйчүүд байдаг бөгөөд ажил дээрээ хараахан гүйцээж амжаагүй зарим яаралтай мэдээ, тайлан, тооцоо, судалгаа, илтгэлийг гэртээ авчран шөнийн цагаар ажиллаж гүйцэтгэх нь элбэг тохиолддог. Бүртгэл, тайлан, тооцооны ажилтны орон тоогоо нэмүүлье, ачааллаа жигдэрүүлье, хөдөлмөрийн нормчилол тогтоолгоё хэмээн учирлахгүйгээр шаргуу хөдөлмөрлөдөг нягтлан бодогч нарын хувьд оюутны дадлага удирдахтай холбоотой нэмэгдэл, цалингүй үүрэг бас гарч ирдэг бололтой. Энэ нөхцөлд овсгоотой, сэргэлэн дадлагажигч нь архивын баримт, материалыг дугаарлах, цэгцлэж үдэх, тооллогын бүртгэлийн товчоо хийх, компьютерт элдэв тайлан, мэдээ, судалгаа шивж оруулах, олон нийтийн ажил гүйцэтгэх, энэ завсар хоорондуур дадлагын удирдамжид хамаарах тоон мэдээлэл бүхий танилцуулга, судалгаа, тайлан олж хуулбарлах, санхүүгийн программын хэрэглээний учрыг ойлгох ажлыг амжуулдаг, тэрчлэн дахин ирж дадлага хийх эсвэл сургуулиа төгсөөд ирж ажиллах урилга хүлээж авах асуудлыг ч шийдвэрлүүлдэг ажээ. Дадлага гүйцэтгэсэн ААН-ийнхээ НББ-ийн бодлогын баримт бичгийг боловсруулж өгсөн; санхүүгийн тайланд нь иж бүрэн шинжилгээ хийж тусалсан; тухайн ААН-ийн технологийн үйл ажиллагаанд мөрдөгдөх анхан шатны бүртгэлийн маягт, түүнийг хөтлөх зааврыг шинэчлэн боловсруулж өгсөн; үйлдвэрлэлийн үе шатны зардлыг нь хуримтлуулан бүртгэх, бүтээгдэхүүний өртөг тооцох илүү дэвшилттэй аргыг нэвтрүүлсэн; шууд зардлын норматив, үйлдвэрлэлийн нэмэгдэл зардлын норм боловсруулж, тэдгээрийн хэлбэлзлийг тооцоолох арга зүйг туршиж хэрэгжүүлсэн; санхүүгийн мастер төсөв боловсруулах ажилд оролцсон оюутан бараг тааралддаггүй. Ажигласан, танилцсан, уншсан, судалсан, гүйцэтгэсэн ажлаа өдөр бүр нэг бүрчлэн тэмдэглэдэггүй,  удирдамжийн агуулгыг бүрэн ойлгож мөрддөггүйгээс  зарим оюутан дадлагын тайлангийн хамгаалалт дээр бэрхшээлтэй учирдаг. Сурлага, төлөвшлөөрөө шилдэг оюутнуудыг ААН, байгууллагын зүгээс ажлын байрны санал болгож хүлээн авдаг боловч Тэд нарын нэлээд нь Монгол хэл дээр албан хэрэг хөтлөх, ажлын явц, үр дүнг  тодорхой, товч найруулан бичиж тайлагнах, судалгаанд үндэслэн шийдвэр гаргах чадварыг сул эзэмшсэн, бие дааж бүтээлчээр ургуулан бодож ажиллахад суралцаагүй, бүхнийг интернетээс хайхыг урьтал болгодог, бэлэнчлэн хуулбарладаг, түүндээ өөрийн санал бодол, шүүн тунгаасан эрэгцүүлэл, нэмэлт боловсруулалтыг шигэтгэн оруулж заншаагүй нь ажиглагддаг хэмээн ярьдаг. Эртний Грекийн гүн ухаантан Сократ “Өөрийгөө таньж мэд” гэж захидаг байжээ. Өөртөө дүгнэлт хийж сураагүй, өөрийнхөө мэддэггүй зүйлээ хараахан олж хараагүй, дипломын дүн, гадаад хэлний болон компьютерийн хэрэглээний мэдлэгийн бусдаас ялгаатай, ахиу түвшиндээ сэтгэл ханасан зарим залуучууд албан тушаал, цалин, ажлын байраа чамлаж, богино хугацаанд олон ажил сэлгэх нь ажиглагддаг бололтой. Алаг хорвоод тэмцэлдэж амьдарахад амжилт, бэрхшээл; тэвчээр, хүлээлт; сайн, саар ээлжилж л байдаг. Сургуулийн танхимд багшаас сонссон зүйл нь хүний насан туршид хөлсөө асгаруулан хөдөлмөрлөх, хуримтлуулж хэрэгжүүлэх ёстой мэдлэг, чадвар, дадлын ердөө 1 % гэж яридаг тал бий. Анхны сонгосон мэргэжил, эхлүүлсэн ажилдаа үнэнчэээр шамдан зүтгэвэл, алхам алхмаар чадвар, дадал хуримтлагдаж, тэвчээртэйгээр бага зэрэг хүлээсний эцэст залуу хүний мөрөөдөл аяандаа сэтгэлчлэн биелэж, нэр хүнд, албан тушаал, анхаарал, халамжийн дээдэд хүрнэ дээ гэдгийг санаж ажиллахад илүүдэхгүй. Ер нь сонирхол татсан, ер бусын, өвөрмөгц зүйлийг сонгон авч, бичиж, тэмдэглэж, олон удаа, өөр өөр арга, хувилбараар туршин үзэж, тооцоолон шалгаж байж л бусдаас урьтаж, цаг хугацааг товчилсон шинэ мэдлэг, шинэ сэдэл, нээлтийг бүтээж болдог билээ. Сургалтанд интернет, компьютер, ухаалаг утас, цахим хэрэгслийг хяналтаас хэтрүүлэн хэрэглэх нь уламжлалт сургалтын дэвшилтэт бүхнийг бүдэгрүүлж, суралцагчдад өөрийнхөө оюуны төрлөхийн авъяас чадвараа нээн ашиглах боломжийг хааж бэлэнчлэх сэтгэлгээг урьтал болгоход замчилж байдаг бололтой. ИДС-ийг амжилттай төгссөн залуугаас төслийн багт орж ажиллах гэсэн өрөгдлөө бичээд өгөөч гэхэд танайд интернет байгаа юу? хараад бичих загвар байна уу? гэсэн асуултыг сөргүүлэн тавьж байх нь ажиглагддаг. Дараах сэдвээр бичсэн дипломын ажил, ангийн ажил, дадлагын тайлангийн файлыг хямд зарна, бичиж өгнө гэсэн зар мэдээлэл интернет дээр байршсан нь харагдаж байдаг. Заримдаа дараах сэдвээр бичсэн дипломын ажил, ангийн ажлаар туслаач, үнэ тохиролцож худалдаж авна гэсэн цахим захиа ирж л байх юм. Энэ нөхцөлд Питталийн “Сайн хүн байх хэцүү” гэсэн үг санаад ордог. Иймд эхий ээлжинд ИДС-ийн бакалаврийн болон магистрийн төгсөлтийн ажлыг цахим сүлжээний хяналтанд оруулчихвал зүгээр болов уу? гэж бодогддог. Мөн блог нийтлэл, ВЭБ сайт, ном, сэтгүүлээс хуулбарласан үг хэллэг, томъёо, график, бүдүүвч болон үүсмэл шинэ санаа, мэдлэгийнхээ эх үүсвэрийн эшлэлийг орхигдуулдаг зуршил байдаг бололтой. Номын нэгэн том дэлгүүрт хэдэн оюутан бөөгнөрч зогсоод харилцан ярилцаж байх тэр агшинд Тэд нарын нэг нь ухаалаг утсаараа номын хуудсыг хуулбарласаар байгаа нь харагдсан. Харин сүүлийн үед зарим номын хавтасыг гадуур нь полиэтилен нимгэн хальсаар боож хамгаалах болсон нь аятайхан санагдсан шүү. Дээд шатны шийдвэр гаргагч, агентлагын хэрэгжүүлэгчид төрийн өмчийн ИДС-ийн сургалтын агуулга, чанар, нэр хүндийг чамлаад хүүхдээ өндөр төлбөртэй хувийн өмчийн сургуульд эсвэл гадаад орны сургуульд суралцуулдаг. Харин тэдгээр гадаад орны иргэдээс Монголын төрийн өмчийн болоод хувийн өмчийн сургуульд суралцахаар ирж байгаа нь бараг ажиглагддаггүй. Гадаадын иргэд Монголд ИДС байгуулж, өөрсдөө багшилдаг ч өөрсдийн орноос оюутан ирүүлж сургаж байгаа нь тэр бүр сонсогддоггүй. Монголын ИДС-д физик, математик, хими, биологи, инженерийн чиглэлээр суралцахаар гадаадын иргэд ирж суралцаад эхэлвэл манай ИДС-иудын хувьд дэлхийн боловсролын даяарчлалд танигдаж, хүлээн зөвшөөрөгдөж байгаагийн эхний алхам байж болох талтай. Эдийн засаг, санхүү, нягтлан бодох бүртгэл, татвар, хэрэглээний математикийн сургалтаар ямар ч нэмэгдэл зардал шаардахгүйгээр, 6-хан сарын дотор дэлхийн шилдэг 10 сургуулийн жишиг түвшинд нийцэх үнэ төлбөргүй, цахим сүлжээгээрх лекцийн файл, багшийн блог нийтлэл бэлтгэх боломжийг Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Сангийн яам, ИДС-иуд, Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институт зэрэг академи, хүрээлэн хэрэгжүүлэхгүй байгаад харамсаж, гайхаш төрж байх юм. Энэ чиглэлээр дэлхийн шинжлэх ухааны мэдээллийн санд бүртгэгдсэн, хүлээн зөвшөөрөгдсөн шинэ санаа, шинэ мэдлэг, нээлт бүтээсэн бол тухай бүрд нь нээлттэй, хүртээмжтэйгээр мэдээлж, ил тод харуулж байвал тустай билээ. Нэг талаас шинэ мэдлэг, шинэ санаа, нээлтийг бүтээгч, туршин хэрэгжүүлэгч-багш, судлаач нар, нөгөө талаас тэдгээрийг хүлээн авдаг хэрэглэгч, эзэмшигч-суралцагчид хичээлийн хонхны дуутай уралдан хичээл бүр дээр, нэг дор уулзаж, санал бодлоо хуваалцаж байдгаараа суурь судалгаа эрхэлдэг Шинжлэх ухааны академиас ялгаатай бөгөөд орон зай, цаг хугацаанаас хамааралгүйгээр академик мэдлэгийг шууд прагматик хэрэглээ болгон хувиргах, материаллагжуулах давуу талтай байдаг гэдэг. Энэ удаа Google.com нийгмийн сүлжээнд бие даасан судлаач Бид нар өөрсдийн бичиж байршуулсан зарим блог нийтлэлийнхээ хайлтын үр дүнгээс Web болон Images (Windows Photo Views)  хэлбэрээр хэсэгчлэн танилцуулж байна. Хэрэв Та Google.com-оор аялавал “Genius greatest textbooks in econometrics & math fin & accounting etc” буюу “Эконометрикс, санхүүгийн математик, нягтлан бодох бүртгэлийн агуу их, суут сурах бичгүүд” хэмээх хайлтаар илэрэх судлаач Бид нарын блог нийтлэлийн Web болон Images үр дүнг доор харуулсантай танилцах боломжтой. Мөн 2012 оны 3 сарын 10-нд tyondon.blogspot.com-д байршуулсан Methods of setting up normative numbers of accountants хэмээх нийтлэлийг сонирхоорой. Энэхүү блог нийтлэлд харуулсан арга зүйгээс санаа авч нягтлан бодогчдын орон тооны нормативын хандлагын тэгшитгэлийг нийгэм-эдийн засгийн салбарын ангилал, дэд салбараар төрөлжүүлж, ААН, албан газрын үйл ажиллагааны цар хэмжээ, нэр төрлөөс хамааруулан тогтоож болох талтай. Судалгааны эмпирик үзүүлэлтийн тоон цуваанд логик дүгнэлт хийх замаар үзүүлэлтүүдийн хоорондох харилцан хамаарлыг илүү зөв илэрхийлж чадах шугаман хамаарлын тэгшитгэлийг эсвэл шугаман бус хамаарлын тэгшитгэлийг сонгох нь зохистой. Ажиллагсдын тоо болон борлуулалтын орлого нь нягтлан бодогчдын тооны нормативыг хэд хэдэн хувилбарт сонголттойгоор тогтоох, тэд нарын ирээдүйн төлөвлөгөөт тоог урьдчилан таамаглах, ажилтан нэг бүрийн ажлын ачааллыг зөв баримжаалах бололцоог олгоно. Тодорхой хугацаанд компьютерт шивж оруулсан үсгийн тэмдэгтийн тоо, хуудасны тоо, тэрчлэн нягтлан бодогчийн ажилласан хүн цагийн тоог дээрх 2 үзүүлэлтэнд нэмэлт болгон ашиглах боломжтой. Мөн хөндлөнгийн хяналт (аудит)-ын болон аутсорсингийн төрөл бүрийн зөвлөх үйлчилгээний үнэ хөлсийг үйлчлүүлэгч ба гүйцэтгэгч байгууллагууд харилцан тохиролцох, энэ талын төлбөрийг гүйцэтгэхэд орон тооны нормативын загварыг олон хувилбартайгаар ашиглаж болно. Outsourcing гэдэг нь OUTside(гаднын)+reSOURCE(нөөц, боломж) хэмээх 2 үгийн бүтцийн хэсгийн  хураангуй илэрхийлэл юм. Зургийг Tunteg Yondon-Google plus-аас харж танилцаарай. Herein the Images have posted on Tunteg Yondon-Google plus.

 

 

 

 

 



. Сэтгэгдэл бичих . Найздаа илгээх

Сэтгэгдлүүд

Миний тухай

It's kind of researching financial analyzing & accounting modeling.

Сүүлийн бичлэгүүд

. “Эдийн засгийн математик-Economical mathematics” сэдвээрх блог нийтлэлүүд
. Санхүүгийн мэргэжлийн шинжээчдийн сургалт
. Шинэлэг сургалт
. 2015.10.01-ээс сургалт эхэлнэ
. Математикт суурилсан санхүү, бүртгэлийн сургалт
. Сургалтын шинэ сайт нээгдлээ
. Шинэ сайт нээгдлээ
. Шинэ мэдлэг, шинэ санааг бие дааж хөгжүүлцгээе(Дю-Понтын шинжилгээ), бүтээе, Нийтлэл 37, Let’s self-create & self-develop new knowledge & new ideas (Du-Pont analysis) with text, Post 37
. Шинэ мэдлэг, шинэ санааг бие дааж хөгжүүлцгээе(Дю-Понтын шинжилгээ), бүтээе, Нийтлэл 37, Let’s self-create & self-develop new knowledge & new ideas (Du-Pont analysis), Post 37
. Судалгаа,чадамжид суурилсан сургалт
. 2014-2015 онд Монголын дээд боловсролын шинэчлэлийн талаар бичсэн блог нийтлэлийн жагсаалт . The tentative list of blog posts of Mongolian higher education innovation for 2014-2015.
. Хаана суралцах вэ? Нийтлэл 34, Where should study? Post 34
. 1 дүгээр дамжааны оюутан, Нийтлэл 33, First year student, Post 33
. Дадлагын ажил (ДА) ба нягтлан бодогчийн тооны норматив, нийтлэл 32; Instruction course & normative numbers of accountants”, post 32
. Монголын боловсролын шинэчлэл-Mongolian education innovation

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

. TS.Songuuli
Бичлэг: 14 » Нийт: 124
Өмнөх | Дараагийн



:-)
 
xaax