Accounting

2015-06-20

1 дүгээр дамжааны оюутан, Нийтлэл 33, First year student, Post 33

1 дүгээр дамжааны оюутан, Нийтлэл 33, First year student, Post 33

Шинэчлэлийн болон шийдвэрийн засгийн газраас сүүлийн 3 жилд туршсан “Зөв хүүхэд”, “Авъяас”, “Цөм” хөтөлбөр болон 2006-2008 оноос эхлэлтэй, ерөнхий боловсролын тогтолцоог олон улсын жишигт нийцүүлж 11-12 жилийн сургалтанд шилжүүлэх хөтөлбөрийн хэрэгжилтийн завсрын үр дүн  энэ жилийн элсэлтийн ерөнхий шалгалт (ЭЕШ)-ын амжилтаар илэрэх байх. 2015 онд 12 дугаар ангийг төгсөгчдийн тоо өмнөх онуудын дундажтай  зэрэгцүүлэхэд 21,5 мянга болж бараг 2 дахин буурсан бололтой. Энэ нь хувийн их, дээд сургууль (ИДС)-ийн 1 дүгээр дамжаанд элсэгчдийн тоо, анги дүүргэлтэнд сөргөөр нөлөөлөх нь дамжиггүй. ИДС-иуд хичээлийн хөтөлбөр, үндсэн сурах бичиг, лекц, семинарын агуулга, багшийн блог нийтлэл, эрдэм шинжилгээний ажлаа ерөнхий боловсролын сургууль (ЕБС)-ийн 12 жилийн сургалтын хөтөлбөрийн уламжлалт холбоог хангахаар бүрэн шинэчилж 2015-2016 оны хичээлийн жилийг эхлүүлэх ёстой болов уу гэж төсөөлөх юм. Дэлхийн шилдэг ИДС-ийн хөтөлбөрийн агуулгад нийцсэн, шинэ мэдлэг, шинэ сэдэл, судалгаа, нээлтэнд суурилсэн жишиг лекц, семинар, кейс сургалтыг эзэмшинэ гэсэн оргилуун мөрөөдөлдөө хөтлөгдсөн, жилийн бүтэн төлбөрөө урьдчилж төлсөн шинэ оюутны хувьд Монголын ИДС-ийн багш нарын уншихаар хүлээгдэж байгаа лекци, сургалтын арга барил нь ЕБС-ийн ахлах ангиудад нэгэнт судалсан хичээлийн агуулга, чанараас тэр бүр ялгагдахгүй байгааг удахгүй таньж, үргэлжүүлэн суралцах идэвх зүтгэл, шинийг эрэлхийлэх сонирхол нь алхам алхмаар буурч дундаж сурлагатнуудын эгнээг өргөжүүлж магадгүй гэж бас бодогдох юм. Өнгөрсөн 3 жилд ЕБС төгсөгчдийн  ЭЕШ-ын босго оноог улсын дундажаас 20%-иар буюу 500-400=100 оноогоор доогуур тогтоосоор ирсэн нь босго онооны үнэмлэхүй дээд утгын (400:800)*100=50%-ийг л хангаж байна. Энэ нь дээд боловсролд 1993 оноос хэрэгжүүлсэн кредит үнэлгээгээр “Хангалтгүй” буюу “Хасах Fдүнг харуулдаг. Цэцэрлэг, ЕБС-ийн барилгын хүрэлцээ хангалтгүй, суралцагчдыг олон ээлжээр хичээллүүлж чирэгдүүлдэг, академик сургалтын ач холбогдлыг гадуурхаж орхигдуулсан, уламжлалт сургалтын үнэ цэнэтэй бүхнийг өөчилж, түүнийг гадаадын үеэ өнгөрөөсөн “шоу-үзүүлбэр”-ийн үзэл суртлаар орлуулах болсон нь ажиглагдлаа. Мөн Монголын нэр хүндтэй, томоохон ИДС-иуд өөрийн сургууль тус бүрийн ЭЕШ-ын босго оноог зориуд доогуур тогтоож, олон мянгаар тоологдох элсэхээр хүсэгчдийг 5,000-10,000 ₮-ийн нэг удаагийн хураамжтайгаар бүртгэдэг боловч, энэ мөнгөн дүнгээсээ дундын суутгалын 10%-ийн татвар төлдөггүй бололтой. 1 дүгээр дамжааны оюутанд хэрэг болж магадгүй гэсэн зарим саналаа бичив. 1. Хүн амьдралдаа мэрэгжлээ сонгох; насан туршийн ханиа сонгох; амьдрах газар, ажлын байраа сонгох зэрэг чухал сонголттой тулгардаг. Монгол хүний дундаж наслалт төдийлөн урт биш бөгөөд барагцаалбал 65-67 буюу (65+67):2=66 жил. Өндөр насны тэтгэвэртээ гараад эрэгтэй хүн 6 жил, эмэгтэй хүн 11 жилийн дараа хорвоогийн мөнх бусыг үзүүлж, оюутан ахуй үеэсээ эхэлж амьдралынхаа 2/3-т буюу 40-өөд жилийн туршид тооцоолсон цалин, түүнтэй адилтгах орлогоос сар бүр 10%-иар нийгмийн даатгалд төлсөн шимтгэлийнхээ үр шимийг хүртэх боломжоо бүрэн алддаг. Иймд хүн өөрийн амьдралын мөчлөгийг бакалаврын боловсрол эзэмших хүртлэх 0-22 нас; ажил хөдөлмөр эрхлэх, хамтын амьдрал зохиож амьдрах 23-аас (55+60):2=57.5 нас; тэтгэвэрт гарч, үлдсэн амьдралаа өнгөрөөх 57.5-66 нас хэмээн баримжаалан хэсэгчилж болох юм. Бакалаврын боловсролын мэрэгжлийн зөв сонголт нь хүнд цаашид  хэрхэн бие дааж амьдрахын үүдийг нээж, ажил алба, бизнесийн гарааг замчилж магадгүй. 2. Мэрэгжлийн сонголтонд олон хүчин зүйл шууд болон урвуу хамааралтайгаар нөлөөлдөг. Тэдгээрийн зарим нь тухайн хувь хүний хүсэл зоригоос хамаарч, хянагдаж, өөрчлөгдөж, санхүүжигдэж, биелэлээ олж байхад үлдэх хэсэг нь тодорхойгүй, эргэлзээтэй, эрсдэлтэй, үл биелэгдэх хийсвэр үзэгдэл төдийгөөр үйлчилдэг. Мөрөөдөл болсон ИДС-даа элсэж авъяас сонирхолынхоо дагуу мэрэгжлээ сонгоод суралцаж байна гэж хэлэх шинэ оюутан цөөн дайралддаг тал бий. Шинэ оюутны нэлээд нь эцэг, эхийн зөвлөлгөөг дагаж мэрэгжил, бизнесийг нь өвлөн үргэлжлүүлэхийг чухалчилдаг нь Тэд нарын санхүүгийн хараат байдалтай нь холбоотой. Гадаадын олон ИДС элсэлтийн шалгалтгүйгээр төлбөрийн чадвартай оюутныг л элсүүлэн авах сурталчилгааг нийгмийн цахим сүлжээгээр хийсээр байдаг. Монголын ИДС-ийн сургалтын алба ч 1 дүгээр дамжаанд элсэгчдээс жилийн сургалтын бүтэн төлбөрийг урьдчилан төлүүлдэг бөгөөд энэ асуудлыг оюутны эцэг эх цаг тухайд нь шийдвэрлэж байдаг. Монголын Засгийн газраас хөдөлмөрийн зах зээлд илүү эрэлттэй байгаа 20 мэрэгжлийн жагсаалтыг жил бүр танилцуулдаг. Мөн цагаачлалын оновчтой бодлого явуулдаг Австрали, Америк, Канад зэрэг өндөр хөгжилтэй орон хөдөлмөрийн зах зээлдээ хомсдолтой, чухал мэрэгжлийн жагсаалтыг интернетэд байршуулсан нь ажиглагддаг. Энэхүү чиг баримжаа нь өөрийнхөө зөн совин, итгэл үнэмшил, бусдаас ялгагдах ер бусын авъяас чадвар, төлбөрийн чадвар, гэр бүлийн гишүүд, анд нөхдийн тусламж дэмжлэг, дотны зөвлөгөө, Монголын болон дэлхий дахины эдийн засаг, шинжлэх ухаан-техникийн тэргүүлэх салбарын хөгжил, өөрчлөлтийн хурд, хандлагыг мэрэгжлийн сонголтондоо хэрхэн алсын хараатайгаар харгалзан үзэх, тэдгээрийг ач холбогдол, боломж, эрсдэлийн түвшингээр эрэмбэлэхэд тус нэмэр болдог гэдэг. Хэрэглээний математикч, физикч, химич,  биотехнологич, төрөл бүрийн инженер, зохион бүтээгч, эмч, сувилагч, судлаач, шинжээчийн эрэлт, нийгмийн нэр хүнд, цалин хангамж өндөр байдаг бололтой. Хүн бол байгаль хэмээх инженерийн олон арван сая жилийн хувьсал, өөрчлөлтийн бодит бүтээл юм. Иймд байгаль-инженерийг өөрийг нь судалж, төсөөлшгүй нууцыг нь тайлахтай холбоотой байгалийн шинжлэх ухааны салбарын судлаач, шинжээчдийн эрэлт нэмэгдсээр...Агуу их шинжээч Чарлз Дарвин амьд ертөнцийн хувьсал хөгжлийн хуулийг нээж хүн бол адгуусан амьтнаас, тухайлбал сармагчингаар дамжин үүссэнийг баталсан бол суу билэгт Ф. Энгельс Хөдөлмөр хүнийг өөрийг нь бий болгосон юм” гэж хэлжээ. Барагцаалбал 1 сая жилийн тэртээд эртний хүний үүсэл бичнээс эхлэж тавигдсан гэсэн мэдээлэл дайралддаг. Эхийн хэвлийд ураг 40 орчим долоо хоног буюу 10 сарын туршид өсч бойжихдоо хоногт 1,000,000:40*7=3,571.4 жилийн,  цагт 148.8 жилийн, минутад ойролцоогоор 2.5 жилийн хувьслыг туулж байж орчин цагийн хүний хөгжилд хүрчээ гэж болохоор байна. Нярай хүүхэд эхийн хэвлийгээс төрөх товлосон өдрөөс 7 хоногийн өмнө мэндэлвэл 25,000 жилтэй тэнцэх хөгжил хувьсал нь гадаад орчинд нөхөн явагдахад хүрэх ажээ. Хүний анатоми (бие бүтцийн зүй), физиологи (биеийн ажиллагаа)-ийг байгаль эх иж бүрэн аж үйлдвэрийн цогцолбор мэтээр гайхалтайгаар, нууцлагаар инженерчилэн бүтээсэн байдаг. Судалгаа нь өнөөгөөс өнгөрсөн рүү буцах болон ирээдүй рүү ургашлах гэсэн 2 чиглэлд хөгжиж, шинжлэх ухааны олдвор, шинэ мэдлэг, нээлт, танин мэдэхүйгээр дамжуулж түүхийн хуудсыг баяжуулж байдаг. 3. Боловсролын талаарх сурталчилгааг ашиглахдаа өөрийнхөөрөө, олон талт мэдээлэл, судалгаатай хандах нь зохистой. Монголд 100 орчим ИДС байдаг, тус бүрдээ хэд хэдэн мэрэгжлээр элсэлт авдаг нь сонголтын хувилбарыг нэмэгдүүлдэг. Аливаа сурталчилгаанд ИДС-иуд зөвхөн эерэг тал, давуу гэсэн боломжоо сонирхол татахаар илэрхийлдгийг анхаараарай. Сонирхсон ИДС, түүний төгсөгчид, багшлах бүрэлдэхүүний нэр хүнд Монголд болон гадаадад ямар байгаа, дэлхийн ба бүс нутгийн шилдэг их сургуулиудын дунд тухайн ИДС-ийн байрших зэрэглэл, сургуулийн төгсөгчдийн улс төр, бизнесийн амжилт, суралцах орчин, сургалтын жилийн төлбөрийн дүн, үргэлжлүүлж шатлан суралцах боломж, гадаад харилцаа зэргийг интернетээс монгол, англи хэлээр уйгагүй хайж, зөв, алсын хараатай сонголт хийхийг хичээгээрэй. Дэлхийн шилдэг ИДС-иуд болон Монголын зарим ИДС сурталчилгаандаа өөрсдийн веб сайт болон Twitter, Facebook, Youtube, Google plus зэрэг нийгмийн алдартай цахим сүлжээг тогтмол, идэвхжүүлэн ашигладаг. Мөн Google.com, Yahoo.com, Ask.com-оор аялвал Монголын шилдэг эрдэмтэн, профессор, багш нарын англи, монгол болон бусад хэл дээр бичиж байршуулсан блог нийтлэл, лекц, хэлэлцүүлэг; ном, сурах бичиг, гарын авлага; дэлхийн шинжлэх ухааны мэдээллийн санд бүртгэгдсэн шинэ санаа, шинэ мэдлэг, нээлттэй нь танилцсанаар ИДС-д хичээл заах багш нараа сонгох хувилбарт боломж чинь нээгдэх болно. Төрийн өмчийн их сургууль нэр хүнд, багшлах бүрэлдэхүүн, материаллаг бааз, төрийн дэмжлэгээрээ илүүтэй. Гэхдээ удирдлага, багшлах бүрэлдэхүүний чадварлаг, мэдрэмжтэй багтай; судалгаанд суурилсан мэдлэг, чадварыг үйлдвэрлэл, үйлчилгээ, хэрэглээ болгохыг эрхэмлэдэг; барилга, тансаг үл хөдлөх хөрөнгө, хувийн хэрэглээгээ оюутны сургалтын өсөн нэмэгдэх төлбөрт үндэслэн улам бүр өсгөхийг урьтал болгодоггүй; элсэлтийн сурталчилгааны амлалт нь бодит байдалтайгаа нийцдэг; оюутан шилжин суралцах тохиолдолд түүнд санхүүгийн чирэгдэл учруулдаггүй сургуулийг аль болохоор сонгохыг хичээгээрэй. Таны уншсан, сонссон мэдээллийн сан, өөрийгөө таньж мэдсэн боломж, хуримтлуусан мэдлэгийн хүрээнээс гадуур үлдсэн бүхэн нь тодорхой бус бөгөөд эрсдэл, аз туршилтыг агуулж, шингээж, шилжүүлж, тээвэрлэж байдаг. Хэн ч маргааш, ирэх 7 хоногт, сарын дараа яг ямар санхүүгийн эрсдэл эсвэл байгаль, цаг уурын үзэгдэл, үйл явдал тохиолдохыг онож хэлэхгүй. Зоосыг 100 удаа шидэхэд, 50 удаа тоотой талаараа, үлдэх нь сүлдтэй талаараа бууна гэж батлахад бас л эргэлзээтэй. Шинжлэх ухааны таамаглалыг гаргахад өмнөх туршлага, туршилт, ажиглалт, статистик дундаж хэмжигдэхүүнд үндэслэдэг хэдий ч галт уулын дэлбэрэлт, газар хөдлөлт яг хэдэн цагт болох, хөрсний нуранги хаана үүсэх, эбола вирусээр 2015 онд хэдэн хүн өвчлөхийг урьдчилан хэлэхэд хэцүү билээ. 4. Сонголтын хүрээ, хувилбар нэмэгдэхийн хэрээр эрсдэлийн түвшин ихэсдэг. Хичээлийн жилийн 1 дүгээр улирлын эхний сараас л сургууль, мэрэгжлийн сонголтоо хэр зэрэг цаг үеэсээ түрүүлж оновчтой, алсын хараатай хийснээ зөн совин, оюунлаг мэдрэмж, ЕБС-д хамт сурч байсан андуудын мэдээлэл болон ИДС-ийн шинэ хамт олноороо дамжуулан аажмаар мэдэрч магадгүй. Их төлөв ИДС-ийн 1 ба 2 дугаар дамжаанд А стандарт үнэлгээтэй суралцсан, нийгмийн идэвхтэй, эрдэм шинжилгээний ажилд авъяас сонирхолтой оюутнууд сургуулиасаа шалгарч БСШУЯ-аас тухай бүр зарладаг гадаадын өндөр хөгжилтэй орны ИДС-д шилжин суралцах, төрийн тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах боломжтой байдаг. Их зохиолч Д. Нацагдорж Хээрийн галуу нисэн үл хүрэх газраас. Хүний хүү эрдэм өвөртлөн ирнэ” хэмээн бичсэн билээ. ЭЕШ-ын босго оноо өндөртэй оюутан олноороо элссэн, шийдвэр гаргагч эрхэмүүдийн болон тухайн сургуулийн багш нарын төрөл садан олон суралцдаг ИДС-иас шалгарч гадаад оронд суралцах төрийн тэтгэлэгт хөтөлбөрийн шалгалт өгөх эрх олоход бэрхшээлтэй гэж ярьцгаадаг. Гэхдээ оюутан цөөнтэй, хүнд сурталтай ИДС-ийн сургалтын алба ч төрийн тэтгэлэгт хөтөлбөрт оюутнаа хамруулахыг төдийлөн сонирхдоггүй гэдэг. “Хүний жинхэнэ үнэн зан төрх биеэ хянахааргүй өчүүхэн жижиг юман дээр л их тод илэрдэг” гэж Б. Франклин хэлсэн. Оюутныхаа сүүлийн 2 жилийн мэрэгжлийн болоод мэргэшүүлэх хичээлийн сургалтыг гадаад оронд үргэлжлүүлэх хамтын хөтөлбөр хэрэгжүүлдэг ИДС-ийг сонгох хувилбар ашигтай байж магад. Оюутан хүн ИДС-д элсэн цаг мөчөөс эхлэн дотоодын болон гадаадын олон талт тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах бүхий л сувгийг хувиараа давхар эрэлхийж, өөрийнхөө бусдаас ялгагдах давуу талаа зөв илэрхийлж, бичвэр хүсэлтээ цөхрөлтгүй илгээсээр байвал тэдгээрийн аль нэгэнд нь нааштай хариу ирнэ гэдэгт итгэж болох юм. Шарль Талейран Өөрийнхөө тухай хэзээ ч муугаар битгий ярь, найз нөхөд чинь чамайг хангалттай муулж байгаа” хэмээсэн байдаг. Бүх хичээлийн шалгалтыг 1 дүгээр улирлаас эхлээд л 4.0 гэсэн голч дүнтэй хаалгахыг хичээгээрэй. 1 дүгээр дамжаанд суралцахдаа гадаадад шилжин сурах төрийн тэтгэлэгт хөтөлбөрт хараахан хамрагдаж чадаагүй бол 2 дугаар дамжаанд суралцах явцдаа дахиад аз тохиох, мэдлэгээ сорих боломж байгааг бодолцоорой. Ялангуяа хаагдах, өндөр кредит цагтай хичээлийн шалгалтыг 4.0 голч дүнтэй өгөөд байвал ИДС төгсөхдөө бакалаврын онцлох үнэлгээтэй диплом (Diploma with honor-Диплом с отличием)-ыг гардан авахад чинь тус дөхөм болно. Ер нь багш бүр л өөрийн зааж байгаа хичээлийн чухал, ач холбогдол өндөртэй, ирээдүйн өгөөж илүүтэйг сануулж байдаг тул хичээлийг ялгаварлахгүйгээр жигд, өндөр голч дүнтэй хаалгаарай. Бакалаврын дипломд бичигдэх 50 гаруй  хичээлээс зөвхөн 1-ийг нь В (81-90) үнэлгээтэй шалгуулсан бол онцлох (улаан) дипломтой төгсөх боломжоо хаалгаж магадгүй. ИДС-ийн хичээлийн хажуугаар гадаадын сонирхсон их сургуулийнхаа элсэлтийн шалгалтын бэлтгэлийг ерөнхий боловсролын ахлах сургуулийн хичээлийн хөтөлбөрийн агуулгын хүрээнд сайтар бэлдэж байхад илүүдэхгүй. Өмнөх жилүүдийн шалгалтанд орж байсан сорилын бичвэр, бодлогын агуулга, ярилцлагын асуултыг хайж олоод хариулалтыг нь бэлтгэ, эргэлзээтэй зүйл гарвал багш нараасаа эвийг нь тааруулаад лавлаад аваарай. Гадаадын их сургуульд тэтгэлэгээр элсэхэд ерөнхий боловсролын ахлах сургууль төгссөн аттестатын дүнг нухацтай авч үздэг бололтой. Сурлагын өндөр амжилт гаргахын зэрэгцээгээр хүмүүнлэг, спорт, урлаг, олон нийтийн ажил үйлсэд идэвхтэй оролцож байсан тухай тодорхойлолт бичүүлж авах нь өөрийн намтраа чимэх, баяжуулахад хэрэгтэй болно шүү. ЕБС-д сурч байхдаа улсын чанартай болон олон улсын олимпиадаас медаль авсан бол мөн гадаадын ИДС-ийн тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдахад нааштайгаар нөлөөлнө. 5. Тэвчээртэй сууж, хурдтай, бүтээлч ажиллаарай. ЕБС-тай зэрэгцүүлэхэд ангийн багш, эцэг эхийн хараа хяналтаас хөндий хол, чөлөөтэй; хичээл бүр дээр ирц, оролцоог бүртгэх нь ховор; сэдвийн хяналтын ажил гэж байнга хийгээд байхгүй; лекцийн тэмдэглэл, гэрийн даалгаврын биелэлтийг шалгахгүй; дүрэмт хувцсаар жигдрэхгүй; хичээлийн хоцрогдол арилгах давтлагад суухыг шаардахгүй, эцэг эхийн хурал гэж төвөг учруулахгүй байдгаараа оюутны хувьд өөртөө тавих шаардлага, хувийн идэвх санаачлагаа бага зэрэг сулруулахад нөлөөлдөг тал бий. ИДС-д элсээгүй болон харьцангуй хөнгөн хичээлтэй багын андууддаа завгүй, хичээл хүнд байгаа талаар учирлан ойлгуулах, мөн ИДС-д учирсан шинэхэн танилуудаасаа эрдэм номд цаашид шамдан суралцахад чинь хамтрагч болж чадах хэсгийг нь зөв сонгож, үерхэж дотносох нь чухал. Аристотель Хүн бүхний найз бол хэний ч найз биш” гэж хэлснийг санаж явахад илүүдэхгүй. Хичээл тармагц л номын санд суудал авч тухайн өдөр багшийн тавьсан лекцийг давтан уншиж үзээд мэрэгжлийн үг хэллэгийг цээжлэх, шинэ үг, хэллэгийн орчуулгын толь хөтлөх, олон хэлний тайлбар толь бичгээс тэдгээрийн утгыг нягтлан уншиж ойлгох, хооронд нь жишиж үзэх, томъёоны гаргалгаа, тооцоолол, бодолт, график дүрсэлгээг багшийн зааснаас арай өөр тоон өгөгдөл, хувилбараар хийж байх нь тустай. Улсын төв номын санд уншигчийн цахим үнэмлэх нээлгэн ашиглаж, Шинжлэх ухааны академийн хүрээлэнгүүд, бусад ИДС-ийн номын сангаас ховор ном, сонин, сэтгүүл авч уншиж байхыг хичээгээрэй. Өөрийн блог хуудасыг монгол болон хамгийн сайн эзэмшсэн гадаад хэл дээр нээж аль болохоор идэвхтэй, тогтмол баяжуулан ашиглаж болох юм. Шинжлэх ухааны олон чухал бүтээл, ном, сонин, сэтгүүл, нийтлэл, хэлэлцүүлэг гол төлөв англи хэл дээр нийтлэгддэг тул англи хэлийг шаардагдах түвшинд нь сурахыг хичээгээрэй. Эхэлж гадарлах болсон гадаад хэлний хувийн арга туршлагадаа тулгуурлаж 2 дахь гадаад хэлээр наад зах нь мэрэгжлийн ном, сурах бичиг уншиж ойлгодог болоход өөрийгөө сориод үзэх нь шинэ мэдлэгийг олон талаас шүүн тунгаахад хэрэгтэй байж мэднэ. Америкчуудын бараг 20 орчим хувь нь испани хэлээр ярьцгаадаг гэлцдэг. Иймд эрх чөлөөний агуу их орон Америкт очиж суралцах боломж олдвол испани хэлийг бас гадарлах шаардлага тавигдаж магадгүй. Эртний Грекийн агуу их математикч, физикч Архимед Надад тулах цэг өг, би дэлхийг эргүүлье” гэсэн мэргэн үг Танд ч бас хамааралтай байж мэднэ. Лекцийг уншигдаж байгаа хэл дээр нь өөртөө ойлгомжтойгоор, хураангуй тэмдэглэгээгээр бүрэн, түргэн бичиж сурах хэрэгцээ гарна. Зуны амралтаараа дараагийн дамжаа, улиралд судлах хичээлийн сурах бичгийг урьдчилаад унших, зарим хүндрэлтэй бодлого, дасгалыг хэд хэдэн хувилбараар, багшийн сонирхол татахаар бодоод бэлэн болгох, өөрийн судалгаанд шаардлагатай тоон судалгааны аргууд, компьютерийн хэрэглээний программын ном, гарын авлага уншиж, тэдгээрийн хэрэглээг бие дааж туршиж үзэх, жиргээчид Twitter, Facebook, Youtube, Google plus-ыг хэрхэн чадмаг ашиглаж байгаагаас суралцаж өөртөө хэрэгтэй ИДС, судалгааны байгууллага, алдартай эрдэмтэн, судлаачидтай ажил хэргийн холбоо тогтоогоод авахыг хичээгээрэй. Эдгээр алдартай цахим сүлжээнд гадаад хэлээр бичвэр, нийтлэл, санал байршуулах үед зөв бичгийн дүрмийн алдаа гаргавал гол төлөв анхааруулга өгдөг тул алдаагүй зөв шивэх, саналаа цөөн үсгийн тэмдэгтэнд багтааж товч, түргэн, овсгоотой илэрхийлэх, нийтлэлийнхээ агууламжийг зураг дүрслэлээр баяжуулах чадвар эзэмших, цахим дагагчдын хүрээгээ өргөжүүлэх боломжтой болно. Кредит үнэлгээний тогтолцоогоор оюутан тухайн хичээлийг судлах явцад 70 хүртэл оноо цуглуулах шаардлагатай байдаг бөгөөд түүний 25-30 оноо нь оюутны бие дааж гүйцэтгэх ажилд ногддог. Энэ нь ЕБС-д сурагчдын хичээл бүрээр гүйцэтгэдэг гэрийн даалгавартай төсөөтэй боловч ИДС-д шинжлэх ухааны ахисан шатны академик мэдлэгийг прагматик хандлагатайгаар эзэмшдэг, шинэ мэдлэг, шинэ сэдэл, нээлт бүтээж, түгээж, үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлдэгээрээ өмнөхөөс ялгаатай юм. Бие даалтын ажлыг графикт хугацаанд нь чанартай хийж шалгуулсан, явцын үнэлгээг бүрэн хангасан оюутны зүтгэл, авъяасыг үнэлж 30 онооны бататгах шалгалт өгөх үүргээс шилдэг оюутныг чөлөөлж байгаа нь ажиглагддаг. Монголд байхдаа зав чөлөөг ашиглаад авто машин жолоодох эрхийн шалгалт өгч үнэмлэхтэй болоход ч илүүдэхгүй. Өдөр бүрийн хуваарьт хичээлийг оролцуулаад хийж амжуулвал зохих ажлын жагсаалтыг төлөвлөж, гүйцэтгэлийг нь тэмдэглэж хэвших нь зорилготой, санаачлагатай байж, түүнийгээ хэрэгжүүлж чаддаг болохын эхлэлийг тавина.  6.  Бусдад сэтгэл гарган  анхаарал тавьж, нөхөрсгөөр тусалж байгаарай. Байгалийн урт хугацааны шалгарал хүнийг хосоороо амьдарч үр удмаа үргэлжлүүлэн үлдээж байхаар бүтээжээ. Хайр энэрэл нь хийсвэр мэт боловч органик ертөнцийн хөгжлийн дээд бүтээл болсон хүнд заяагдсан ер бусын, гайхалтай, онцгой мэдрэмж билээ. Хувь заяаны зураглалаар нэг ангийн андууд болсон ангийнхандаа тусалж, тэд нарынхаа баяр баясгалан, уйтгар гунигаас хуваалцаж байсан чинь мартагдашгүй дурсамж болон үлдэх вий. Оюутан цагтаа сэтгэл алдарч, харц мөргөлдүүлж, зав л гарвал зурвас илгээлцэж,  үзэсгэлэнт инээмсэглэл, үнэнч шударга зан төлөвт нь өөрийн эрхгүйгээр татагдаж, насан туршийн халамжит ханитайгаа учирах нь олонтаа байдаг гэдэг. Тэд нарын хувьд боловсрол, мэрэгжил, ур чадварын түвшний үзэл бодолын зөрүү бага гардаг, бие биенийхээ албан ажил, бизнесийн онцлог, энэ талын хүндрэл бэрхшээл, ололт амжилтыг илүү хялбархан ойлголцдог, харилцан дэмждэг гэж зарим судлаач бичсэн байдаг.



. Сэтгэгдэл бичих . Найздаа илгээх

Сэтгэгдлүүд

Миний тухай

It's kind of researching financial analyzing & accounting modeling.

Сүүлийн бичлэгүүд

. “Эдийн засгийн математик-Economical mathematics” сэдвээрх блог нийтлэлүүд
. Санхүүгийн мэргэжлийн шинжээчдийн сургалт
. Шинэлэг сургалт
. 2015.10.01-ээс сургалт эхэлнэ
. Математикт суурилсан санхүү, бүртгэлийн сургалт
. Сургалтын шинэ сайт нээгдлээ
. Шинэ сайт нээгдлээ
. Шинэ мэдлэг, шинэ санааг бие дааж хөгжүүлцгээе(Дю-Понтын шинжилгээ), бүтээе, Нийтлэл 37, Let’s self-create & self-develop new knowledge & new ideas (Du-Pont analysis) with text, Post 37
. Шинэ мэдлэг, шинэ санааг бие дааж хөгжүүлцгээе(Дю-Понтын шинжилгээ), бүтээе, Нийтлэл 37, Let’s self-create & self-develop new knowledge & new ideas (Du-Pont analysis), Post 37
. Судалгаа,чадамжид суурилсан сургалт
. 2014-2015 онд Монголын дээд боловсролын шинэчлэлийн талаар бичсэн блог нийтлэлийн жагсаалт . The tentative list of blog posts of Mongolian higher education innovation for 2014-2015.
. Хаана суралцах вэ? Нийтлэл 34, Where should study? Post 34
. 1 дүгээр дамжааны оюутан, Нийтлэл 33, First year student, Post 33
. Дадлагын ажил (ДА) ба нягтлан бодогчийн тооны норматив, нийтлэл 32; Instruction course & normative numbers of accountants”, post 32
. Монголын боловсролын шинэчлэл-Mongolian education innovation

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

. TS.Songuuli
Бичлэг: 13 » Нийт: 124
Өмнөх | Дараагийн



:-)
 
xaax