Accounting

2015-01-10

Мэдлэгийн гурвалжин ба дээд боловсролын шинэчлэл, нийтлэл 20

 

Мэдлэгийн гурвалжин ба дээд боловсролын шинэчлэл, нийтлэл 20

Шинээр мэдлэг бүтээж, шинжлэх ухааны нээлт хийж хэрэгжүүлэх, эсвэл бусдын оюуны бүтээлийг шинэ санаагаар баяжуулах 2 арга зам байх шиг байдаг. Эхнийх нь бүтэшгүй гэж үзвэл  2 дахийг нь сонгоод энэ талаар өөрийн хүчээ сорих боломж нээлттэй билээ. Бас 3 дахь нь гэмээр хувилбарыг манай дээд боловсролын байгууллагууд ашигладаг бөгөөд гадаад хүний бүтээсэн мэдлэгийг хуулбарлан суралцагчдад дамжуулах сургалтаар гол төлөв энэ нь илэрдэг. Сүүлийн үед их, дээд сургуулиуд өндөр төлбөртэй, лицей нэртэй шаталсан сургалт, элдэв дамжаа явуулж бизнесийн орлогоо нэмэгдүүлэх арга ухаанд шилжих болжээ. Мөн докторантур, магистрантур, мэргэшүүлэх ахисан шатны сургалт зэрэг бакалаврийн дипломын дараах олон хэлбэрийн өндөр төлбөртэй сургалт явуулах болсон бөгөөд эдгээр  сургалтын хөтөлбөр, агуулга нь харилцан бие биенээсээ ямар түвшнээр ялгагддаг, суралцагчдад хэр зэрэг өгөөжтэй байгааг хэлэхэд хүндрэлтэй болжээ. Магистрийн сургалтын агуулга, чанар нь бакалаврийнхаасаа бараг ялгагдахгүй юм гэж хэлэх суралцагч хааяа дайралдах юм. Их, дээд сургуулийн хувьд санхүүжилтийн эх үүсвэрээ нэмэгдүүлэх дээрх арга замууд нь тэдгээрийн дэлхийн их сургуулиудын эрэмбэлэлтэнд байрших зэрэглэлийг нь ахиулахгүй л байх шиг. Их, дээд сургуулиуд нь магадлан итгэмжлэл, аттестатчилалд өндөр оноо авахын тулд академич, доктор, профессорын тоог нэмэгдүүлэхэд голлон анхаараад тэд нараас дэлхийн шинжлэх ухааны хөгжилд ямар бодит хувь нэмэр оруулсан, бүтээлээрээ дэлхийд хэрхэн хүлээн зөвшөөрөгдсөнийг нь төдийлөн харгалздаггүй бололтой. Эрдмийн зэрэг, цол хүртсэнээсээ хойш шинжлэх ухааны доривтой бүтээл нийтлүүлээгүй ч цалингийн нэмэгдлээ авсаар байдаг хүмүүс мэр сэр байдаг гэх юм. Оюутны үндэсний тэтгэлэгийн голч дүнгийн шалгуурыг 3.0 гэж чангаруулан өөрчилсөнтэй адилаар  академич, доктор, профессор нарыг бүтээлчээр ажиллуулах шинэ хөшүүрэг бас шаардлагатай гэж бодох юм. Төрийн өмчийн боловсрол, шинжлэх ухааны байгууллагуудын менежментийн түвшин, зохион байгуулалтын бүтэц, тогтмол зардал, үндсэн хөрөнгийн идэвхигүй  хэсгийн хувийн жин нь шинжлэх ухааны судалгаа, туршилтын баазаа шинэчлэн тоноглоход хөрөнгө илүүчилж нөөцлөх боломж олгодоггүй бололтой. Энэ 2015 онд ерөнхий боловсролын сургуулийн 12 жилийн сургалтын анхны төгсөгчид их, дээд сургуульд элсэн орж ирнэ. Энд ерөнхий боловсролын ахлах сургуулийн сургалтын хөтөлбөр болон их, дээд сургуулийн ерөнхий суурь хичээлийн хөтөлбөрийн залгамж холбоог хэр зэрэг зөв хангасан вэ? гэсэн асуулт гарч ирэх байх. 11 болон 12 дугаар ангид судалсан ерөнхий эрдмийн зарим хичээлийн агуулгыг зөвхөн нэрийг нь өөрчлөн их, дээд сургуульд давтан үзэх шаардлагагүй. Өнөөгөөс 40 гаруй жилийн тэртээд “Алгебрь ба анализын эхлэл” хичээлд үзэж байсан математикийн зарим ойлголтыг их, дээд сургуулийн “Дээд математик”, “Үйлдлийн шинжилгээ” зэрэг хичээлээр агуулгын ялгаа багатайгаар давтан заадаг тал ажиглагддаг. Эдгээр хичээлийн агуулгыг оюутны сонгосон мэргэжлийн чиг баримжаатай шууд холбон эзэмшүүлэх өргөн боломжтойг бодолцмоор юм. Дэлхийн даяарчлагдсан шилдэг их сургуулиуд нь сургалтыг суурь болон хавсрага судалгаатай хослуулан хэрэгжүүлдэг тал ажиглагддаг. Иймд шинжлэх ухааны хүрээлэнгүүдийн суурь судалгааны өнөөгийн академик түвшинг алдагдуулахгүйгээр их, дээд сургуулийн сургалт, багшлах бүрэлдхүүнтэй холбох чиглэл нь сургалт-судалгаа-ажил олгогчийн ажлын байр гэсэн гурвалжилсан холбоог бүрдүүлж эргэлтэнд оруулах механизм болон үйлчилж магадгүй. Эрдэмтэн, багш, судлаачид шинжлэх ухааны судалгаан дээрээ түшиглэн сургалт явуулж, Тэд нарын бүтээсэн шинэ мэдлэг, шинэ санаа, нээлтийг тухайн сургуулийн оюутан, төгсөгчид нь ажил олгогчийн үйлдвэрлэл, үйлчилгээтэй холбоод өгөх боломж нээгдэж магадгүй. Ингэснээрээ эрдэмтэд судалгааны бүтээлээ архивт тушаах бус материаллаг баялаг бүтээгчдэд нэмүү өртөгт багтаасан үнээр борлуулах зах зээл нээгдэж магадгүй. Их, дээд сургуулийн алсын хараатай менежмент, бүтцийн өөрчлөлт нь багшлах бүрэлдхүүний үйл ажиллагааны арга технологийг шинэчлэхэд аяндаа хүргэнэ. Интернет гэдэг өгөгдлийн арвин санг ашиглах өргөн боломж багш болон суралцагчдын аль алинд нь нээлттэй байгаа нөхцөлд  багш хүн сурах бичигт байгаа онолын мэдлэгийг хуулбарлан дамжуулахыг “Нойрны эм  хэрэглэх гэж нэрлэдэг тал  бий. Харин хүн төрлөхтний нийтлэг эрх ашгийн төлөө тулгамдсан асуудлыг багш, судлаач өөрөө сэдэж судалчихаад шалгагдсан үр дүнг нь суралцагчидтайгаа хуваалцвал зүгээрсэн. Манай боловсрол, шинжлэх ухааны байгууллагууд нэг хүн амд ногдох академич, доктор, профессор, гавъяат цолтны хувийн жингээрээ дэлхийд дээгүүрт жагсах байх гэж бодох юм. Гэтэл ардын хувьсгал ялан мандсан 1921 оноос хойшхи 90 гаруй жилд, мөн 1990 оны ардчилсан хувьсал ялсны дараах 20 гаруй жилд манай шинжлэх ухаан, боловсролын салбар маань дэлхийн шинжлэх ухаанд хүлээн зөвшөөрөгдсөн шинжлэх ухааны нээлтээрээ Нобелийн шагнал хүртсэн алдартан хараахан төрүүлж амжсангүй. Өндөр нарийвчлалтай хэмжилт, сорил, тохируулга бүхий лабораторийн нөхцөл тэр бүр шаардахгүй хүмүүнлэгийн энэрэнгүй үйлс бүтээгчид, утга зохиол, эдийн засаг, математикийн салбарын эрдэмтэдийн бүтээл, шинжлэх ухааны нээлтийг Нобелийн шагнал олгох Шведийн хороонд дэвшүүлэх үүд хаалга нээлттэй байгаа гэж бодох юм. Мөн физик, анагаах ухаан, хими, биологи зэрэг суурь шинжлэх ухааны салбарт гайхалтай нээлт хийсэн Монгол эрдэмтэд олон байгаа. Тэд нарын ажил үйлсийн талаар хэвлэл мэдээллээр сурталчилдаг хэдий ч сурвалжлагч нарын туршлага, чадвараас хамаарч гавъяат үйлстэнүүдийн бүтээсэн түүхэнд мөнхрөн үлдэх бүтээл, шинжлэх ухааны хосгүй нээлтийг нь уран барилга, уран зураг мэтээр дүрслэн бичиж хараахан амжидаггүй бололтой. Нөгөө талаар эрдэм судлалд биечлэн оролцоогүй удирдах ажилтнууд эрдэмтэдийн бүтээлийг ажлын тайландаа оруулан сурталчилах нь элбэг байдаг бололтой. Эрдэмтэдийн бүтээлийн гол агуулгыг энгийн, ойлгомжтойгоор, болж өгвөл бүрэн эхээр нь нийтлэхийн оронд Тэд нарын фото зураг, анкет, намтар, эцэг, эх, гэр бүлийн байдал, хэнтэй гэрлэж байсан, амьдралын адал явдалт тохиолдол, хурдан морь уяж байсан эсэх, спортын ямар төрлийг сонирхдог, уран сайханы ямар авъяастайг нь голлон бичдэг тал ажиглагдах юм. Эрдэмтэд, алдартны  тооны өсөлтийн хурд нь боловсролын чанарын үзүүлэлтээсээ түрүүлээд байх шиг санагддаг. Манай улсын их сургуулиуд жил бүр доктрантурт суралцуулах сэдвийн жагсаалт зарлаж байна. Эдийн засаг, бизнес, санхүү, нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр зарласан зарим сэдэв нь төдийлөн практик ач холбогдолгүй, хэт ерөнхий, улиг болсон жишиг шинжтэй, мэдээлийн баазыг нь гол төлөв асуулт хариулт, анкетийн аргаар бүрдүүлэхээс өөр боломжоор хязгаарлагдмал, сэдвийн хамгаалалт хийсний дараа нэг товхимол гаргаж бүтээлээ архивт шилжүүлэхээс өөр ач холбогдолгүй нь ажиглагддаг. Заримдаа олон төрлийн чиглэлээр хөгжлийн загвар боловсруулна гэх шиг чамин гоё нэртэй, үл ойлгогдох томъёо, үсгэн тэмдэглээ, элдэв итгэлцүүрийн цуглуулгыг агуулсан сэдвийг зарладаг жишиг харагдах л юм. Боловсрол, шинжлэх ухааны алсын харааг замчилж өгөх сэдвээр эрдэм шинжилгээ, судалгааны ажлын сэдвийг сонгож байх нь цаг хугацаа, санхүүжилт, хүний нөөц хэмнэх боломж олгож магадгүй. Өнгөрсөн 2014 онд эхлүүлсэн төрийн өмчит дээд боловсролын байгууллагын бүтцийн өөрчлөлтийг 2015 онд төгс хэлбэрт хувирган үргэлжлүүлэхээр Шийдлийн Засгийн газраас санаачилж байгаатай холбогдуулан бие даасан судлаачийн хувьд өөрийн санал бодлоо энэхүү нийтлэлээр дамжуулан илэрхийлж байна. Дээд боловсролын бүтцийн шинэчлэлийг мэдлэгийн гурвалжинаар дамжуулан хэрэгжүүлж болох талтай. Мэдлэгийн гурвалжин дахь сургалт- судалгаа-ирээдүйтэй ажлын байрны холбоос, харилцан үйлчлэлийн үр дүн нь чанартай мэргэшсэн дээд боловсролоор илэрэх бөгөөд түүнийг дээд боловсролын байгууллагын бүтцэд хийх шинэчлэл, өөрчлөлтөөр баталгаажуулан хэрэгжүүлэх бололцоотой. Дэлхийн шилдэгийн шилдэг их сургуулиудын даяарчлалын өөрчлөлтийг мэдэрч бүс нутгийн дээд боловсролын байгууллагууд нь шинжлэх ухааны шинэ мэдлэг, шинэ санаа, шинэ нээлтээр урагшилж дэвших ёстой болоод байна. Дураг 1-ийн дагуу сургалтыг судалгаанд суурилан явуулах, судалгааны үр дүнг ирээдүйн ажлын байр болох үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлэх, цаашид ажил олгогчийн шаардлагад нийцсэн даяарчлагдсан сургалтыг хөгжүүлэх бололцоо нээгдэж болох юм. Эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдийн хувьд үндсэндээ төсвийн санхүүжилтээр үйл ажиллагаагаа гүйцэтгүүлж байсан үе нь дурсамж болон үлдэж, их сургуулийн санхүүжилтийн нэгдсэн эх үүсвэр болох төсвийн санхүүжилт, оюутны сурлагын төлбөр, эрдэм шинжилгээний захиалгат ажлын орлого, их сургууль төгсөгчдийн сайн санааны хандив, олон улсын банк, санхүүгийн байгууллагын тусламж болон төслийн санхүүжилт зэрэг олон тулгуурт санхүүжилтээр маневарлан ажиллах өргөн боломж нээгдэх магадлалтай. Ерөнхийдөө их сургууль болон эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд нь нэг адил зорилгод хүрэхийн  төлөө зарим талаар давхардсан, зэрэгцсэн үйл ажиллагаа явуулж, санхүүжилтийн өгөөжийг бууруулж  байсан дутагдал арилж магадгүй. Их сургуулиудыг орчин цагийн өндөр технологийн лабораториор тоноглоод өгчихвөл тэнд байгалийн шинжлэх ухааны суурь судалгаа гүйцэтгэх, судалгааны хариу, сорилыг гадаадын түнш рүүгээ илгээн давхар баталгаажуулах боломж мөн л байгаа гэж бодох юм. Эрдэмтэн багш өөрийн бүтээсэн судалгааны үр дүнгээ оюутанд лекцээр хүргэхийн хамт, судалгааны үзэл санаагаа оюутны үйлдвэрлэлийн дадлагын удирдамжийн агуулгаар дамжуулан ажлын байранд турших гарцыг хайх, хэрэгжүүлэх боломжтой байж бас болох юм. 



. Сэтгэгдэл бичих . Найздаа илгээх

Сэтгэгдлүүд

Миний тухай

It's kind of researching financial analyzing & accounting modeling.

Сүүлийн бичлэгүүд

. “Эдийн засгийн математик-Economical mathematics” сэдвээрх блог нийтлэлүүд
. Санхүүгийн мэргэжлийн шинжээчдийн сургалт
. Шинэлэг сургалт
. 2015.10.01-ээс сургалт эхэлнэ
. Математикт суурилсан санхүү, бүртгэлийн сургалт
. Сургалтын шинэ сайт нээгдлээ
. Шинэ сайт нээгдлээ
. Шинэ мэдлэг, шинэ санааг бие дааж хөгжүүлцгээе(Дю-Понтын шинжилгээ), бүтээе, Нийтлэл 37, Let’s self-create & self-develop new knowledge & new ideas (Du-Pont analysis) with text, Post 37
. Шинэ мэдлэг, шинэ санааг бие дааж хөгжүүлцгээе(Дю-Понтын шинжилгээ), бүтээе, Нийтлэл 37, Let’s self-create & self-develop new knowledge & new ideas (Du-Pont analysis), Post 37
. Судалгаа,чадамжид суурилсан сургалт
. 2014-2015 онд Монголын дээд боловсролын шинэчлэлийн талаар бичсэн блог нийтлэлийн жагсаалт . The tentative list of blog posts of Mongolian higher education innovation for 2014-2015.
. Хаана суралцах вэ? Нийтлэл 34, Where should study? Post 34
. 1 дүгээр дамжааны оюутан, Нийтлэл 33, First year student, Post 33
. Дадлагын ажил (ДА) ба нягтлан бодогчийн тооны норматив, нийтлэл 32; Instruction course & normative numbers of accountants”, post 32
. Монголын боловсролын шинэчлэл-Mongolian education innovation

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

. TS.Songuuli
Бичлэг: 42 » Нийт: 124
Өмнөх | Дараагийн



:-)
 
xaax