Accounting

2014-12-07

Боловсролын талаар хэн юу гэж байна?

Боловсролын талаар хэн юу гэж байна?[1]

Даяарчлал нь боловсролын өмнө бий болсон тодорхой бус, эргэлзээтэй олон асуудлыг цаг алдахгүй, зөв, ирээдүйг баримжаалан шийдвэрлэхийг шаардах болжээ. Дэлхий ертөнц хувьсан өөрчлөгдөж, шинжлэх ухааны танин мэдэхүйн хүрээ тэлэхийн хэрээр боловсролд илэрэх хүндрэл, алдааны орон зай өнгө ялгаруулан тодорох болсон нь судлаач, сурган хүмүүжүүлэгчдийн тархийг гашилгах болжээ. Интернетийн мэдээлэл ашиглаж мэдлэгийг бусдаас хуулбарлан импортлох, харилцан туршлага солилцох боломж өргөжсөн нь уламжлалаа өвлөн хөгжүүлэхээсээ илүү бусдыг аялдан дагах, шинэ мэдлэг, шинэ санааг бүтээхийн оронд түүний бэлэн үр дүнг ирээдүйд гарч болзошгүй үр дагварыг нь эрэгцүүлэн бодохгүйгээр өөрийн орондоо бэлэнчлэн нутагшуулахыг оролдох, суралцагчдыг дутуу мэдээллийн туршилтын объект болгох хандлага дэлхий нийтээр ажиглагдах болсныг өөрчлөх чиглэлээр Өрнөдийн жишиг их сургуулиуд шинэчлэл хийж байна. Иймээс багш бие дааж, өөрийн эрэгцүүлэн бодсон бүтээлч судалгаандаа тулгуурлан шинэ мэдлэг, шинэ санааг биечлэн бүтээж хэрэгжүүлдэг, материаллагжуулдаг, түүнийгээ нийтэд нээлтэй, блог нийтлэл хэлбэрээр нийгмийн Вэб сайтэд байршуулах нь түгээмэл болжээ.

Нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн, нийгмийн баялагийн харьцангуй тэгш хүртээмжээрээ тэргүүлэгч барууны өндөр хөгжилтэй орнууд эдийн засаг, цэрэг-улс төрийн нэгдсэн холбоог байгуулах болсон ч хямрал, санал зөрөлдөөнд өртөх болсон нь боловсролын тогтолцооны мухардлаас улбаатайг ч нийтлэх болжээ. Хэдийгээр дэлхий даяар гарч байгаа шинжлэх ухааны гоц нээлтийн дийлэхийг дээрх орнууд өмчилдөг хэдий ч түүнийг тодоруулан зарлахад санхүүжүүлэгч, шагналын хороод нь геополитикийн эдийн засаг, цэрэг, улс төр, үзэл суртлын эрх ашигийг  харгалзан үздэг тал мөн ажиглагдах болжээ. Сургалтанд хүний эрхийг хэт их дөвийлгэх болсноос суралцагчид нь багш болон эцэг эхийн сургамж, даалгаварт хэт эмзэг, шүүмлэн эсэргүүцэх өнцгөөр ханддаг, тэрчлэн телевизийн олон сувгаар хяналтын шүүлтгүйгээр алаан хядаан, хүчирхийлэл, гэмт хэргийг харуулдаг, бэлгийн гаж донтолт, дайны хэнээрхэл, шашны мухар сүсэг, далдын хүч, хөдөлмөрлөж материаллаг баялаг бүтээхгүйгээр гэмт аргаар баяжихыг сурталчилдаг, урлагын элдэв гаж урсгалыг “Од” хэмээн магтдаг нь бие хүн сурч төлөвшихөд сөргөөр нөлөөлж байна гэж зарим судлаачид үзэх болжээ. Европын орнуудын эмэгтэйчүүдийн 1/10 нь бэлгийн дарамтад ямар нэг хэлбэрээр өртдөг гэсэн судалгааг хүний эрхийн судлаачид гаргажээ. Интернет, компьютер, ухаалаг гар утас зэрэг дэвшилт технологи нь сургалтанд эерэг болоод сөргөөр нөлөөлөх болжээ. Бага боловсролын байгууллагад 4 аргын тоо бодож чаддаггүй, энгийн болон аравтын бутархайн ялгааг ойлгодоггүй, үндэсний соёл, уламжлалаа мэддэггүй суралцагчид ажиглагдах болсныг харгалзан Англи, Гонконгод өнгөрсөн жилээс анхан шатны сургалтад тооны машин болон тооны машинтай гар утас хичээл дээр хэрэглэхийг хоригложээ. Японд сампингаар 4 аргын тоо бодох, түүнийг ашиглаж түргэн бодох уралдааныг тогтмол явуулсаар байна. Японы хөрөнгийн биржэд зочилоход брокерууд сампин барьж тоо бодож байгаа нь харагддаг. 1990-ээд оноос өмнө манай Монгол орны эдийн засаг, санхүүгийн сургалтын байгуулагуудад “Аж ахуйн тооцоолол”-ын хичээлээр хятад болон орос сампингаар тоо бодох, дүн мэдээ гаргах хичээллийг заадаг байв. Мөн жилийн эцсийн малын тооллогын комиссын гишүүд, нэгдэл, сангийн аж ахуйн санхүүгийн тайлан тушааж байгаа нягтлан бодогч нар нэгдсэн тайлан тэнцэл, товчоог зөвхөн сампин ашиглан гүйцэтгэж байсан билээ.

Таамаглах аргад баримжаалсан коллежийн элсэлтэд хэрэглэдэг оюутны мэдлэгийн ур чадварын сорил (Scholastic Assessment Test)–ээс татгалзах эсэх талаарх хэлэлцүүлгийг Америкад эхлүүлжээ. 2014 оны 1 дүгээр сард Швейцарийн Давост болсон Эдийн засгийн чуулганы хэлэлцүүлгийн нэг гол асуудал нь их, дээд сургуулийн боловсролыг чадваржуулах, үүний дотор эдийн засгийн сургалтанд шинэ сэдэл (Innovation) нэвтрүүлэхэд чиглэжээ. Энэ талын хэлэлцүүлгийг “The Economist cэтгүүлээр дамжуулан Google.com; Yahoo.com; Twitter.com; LinkedIn.com болон Ask.com цахим сүлжээгээр түгээх болжээ. Европын зарим орон хямд ажиллах хүчин, гаднын мэдлэгийн импортод дулдуйдан хөгжиж ирсэн нь хүн амын дүнд цагаан арьстны хувийн жинг бууруулах, шинжлэх ухааны нарийн техник, технолгийн судалгаа, нээлтэд цагаачдын гар харахад хүргэж эхэлжээ. Өнөөгийн байдлаар Нобелийн шагналтан 860 орчим эрдэмтэн байгаагийн 20% буюу бараг 200 нь Еврей (Jews) үндэстэн байгаа бөгөөд тэд нар Америкийн холбооны нөөцийн сан, банк, санхүүгийн бодлого, суурь шинжлэх ухааны гол түлхүүр бодлогыг үндсэндээ чиглүүлж байна. Энэ оны 2 дугаар сарын эхээр Microsoft компанийн гүйцэтгэх захирлын албан тушаалыг Энэтхэг гаралтай Сатва Наделла хүлээн авсан нь дэлхийн улс төр, эдийн засаг, техник, технологи, өндөр мэдлэгийн зангилаа Ази, Латин Америк тив, өнгөт арьстаны мэдэлд шилжиж эхэлснийг зарим талаар харууллаа. Дэлхийн шилдэг их сургуулиудын жагсаалтанд Азийн дээд боловсролын байгууллагууд хүч түрэн орж ирэх болсон бөгөөд энэ тивийн оюутан, сурагчид Робконы тэмцээн болон суурь шинжлэх ухааны олимпиадуудад шалгарах нь нэмэгджээ. Хятад улс дэлхийн 2 дахь хүчирхэг эдийн засагтай, бие дааж сансарт иргэнээ хөөргөсөн улс болов. Энэ оны 3 дугаар сарын 19-өөс АНУ-ын тэргүүн хадагтай Мишель Обама 2 охиныхоо хамт Хятадад айлчилж Бээжин хотын 1 их сургууль, 2 ахлах сургуулийн туршлагыг судлав.

Суралцагч болон багш нарын эрх үүргийн тэнцвэрийг хүний эрхээр халхавчлан өрөөсгөлөөр сурталчилснаас үүдэн сурагчид сургуулийн орчинг эрдэм мэдлэгийн ариун дагшин газар хэмээн үзэхээ больсон тал ч ажиглагджээ. Хүний эрхийн хэм хэмжээний зохистой тэнцвэр, балансыг алдагдуулснаас ижил хүйстний гэрлэлт, хар тамхины хязгаарлагдмал хэрэглээг хуулиар баталгаажуулан зөвшөөрч, нийгмийн эмх замбраагүй байдалтай хуульчлан эвлэрэхээс өөр гарцгүй болж эхэлсэн байна. Ирээдүйд учирч болзошгүй сөрөг үр дагварыг эрэгцүүлэн бодохгүйгээр галт зэвсгийн худалдаанд олгосон чөлөөт байдал нь эргээд түүнд төрийн хяналт, зохицуулалт хийх боломжийг ч хаажээ. Социалист тогтолцоотой байсан орнуудын хувьд боловсролд шууд аваад хэрэглэх зах зээлийн эдийн засгийн бэлэн жор байгаагүйгээс ОХУ, Монгол, Вьетнам зэрэг орон Кембрижийн сургалтын материаллаг орчин, хөтөлбөрийн стандартыг хуулбарлан нэвтрүүлж эхэлсэн билээ. Суралцагчид сургуулийн удирдлага, багшийн нэр хүндийг доорд үзэх болсон, мөн буруу бүхэн Тэд нараас үүдэлтэй гэсэн хандлага төлөвшилд суралцагчид итгэж эхэлснээс дээрх хөтөлбөрийг хамгийн сайн хэрэгжүүлж байсан Москвагийн 263 дугаар дунд сургуулийн онц сурлагатан сурагч Альберт Эйнштейн  газар зүйн багшийгаа муу дүн тавилаа гэж цагдаагийн ажилтны хамт буудан хөнөөсөн билээ. Оросын бие даасан зарим сурган хүмүүжүүлэгч энэ байдалд дараах урьдчилсан дүгнэлт хийсэн байжээ.

·          Уламжлан хөгжиж ирсэн бүхнийг үгүйсгэж, тэдгээрийг зөвхөн арчиж шинэчлэхийг урьтал болгож, энэ ажлыг хэтийн бодлого, замын зураггүй, тодорхой бусаар явуулж, үр дүнг нь гарахаас өмнө богино хугацаанд хэт олон засварласан.

·         Багш, сурган хүмүүжүүлэгчид шинэчлэлийн явц, үр дүнгийн тайланг удирдах байгууллагад хүргүүлэхэд нэлээд анхаарч цаг зарцуулаад суралцагчдыг барууны аргаар сургах, төлөвшүүлэхэд гарч болзошгүй алдаа нь хүүхдийн эрхийг зөрчихвий гэхээс эмээж хувь заяатайгаа хүлцэнгүйгээр эвлэрэх болсон.

·         Телевизийн нэвтүүлгийн дийлэнх нь үүрэг хариуцлагатайгаа тэнцвэржээгүй эрх чөлөө, бусармаг явдал, алаан хядаан, мансуурал, хүчирхийлэл, шашины мухар сүжиг бишрэл, далдын хүч, мэрэг төлөг, үзмэрчний хувилгаан дүр, урлагын элдэв урсгалын хийсвэр үзүүлбэрийг харуулж цаг нөхцөөх болсон нь суралцагчдыг бие дааж бүтээлчээр хөдөлмөрлөхийг үзэн ядаж, материаллаг баялагыг бүтээгчид нь доод хувь тавилантан, ядуучуудад бурханаас тэдэнд заяасан хөдөлмөрийн хуваарь, социализмын үеэ өнгөрөөсөн үзэл баримтлал хэмээн зэвүүцдэг болгосонтой зарим  талаар холбоотой.

·         Үндэсний бахархал, боловсролын уламжлалт тогтолцоо, ертөнцийг танин мэдэх суурь  болсон тоо бодлого, математик, төрлөх хэл, унших бичиг, цэвэр бичиг, авиан зүй, өгүүлбэр зүй, зөв бичгийн дүрэм, уран зохиол зэрэг хичээлийг компьютероор орлуулахыг урьтал болгосон. Боловсролд нэг талыг илүүтэй баримталсан ийм өрөөсгөн дутагдлаас сэргийлэхэд эдийн засгийн өндөр хөгжилтэй орнууд ч анхаарч сургалтад хүн-робот, технократын аргыг хэт шүтэхээс татгалзах болсон. Англид гэхэд В. Шекспирийн сонгодог зохиолыг уншаагүй иргэнээ боловсрол доогуур гэж үздэг байна.

·         Байгалын ухаан, суурь шинжлэх ухааны хичээлийн хувийн жинг бууруулж хүн бүр тоочин, физикч, химич болох шаардлагагүй хэмээн суурь боловсролын үнэ цэнийг үгүйсэх хандлага гарах болсон нь шинжлэх ухааныг хялбарчлах, шинжлэх ухааны гол зүтгүүр болсон инженер-техникийн ажилтны үнэлэмж, хувийн жинг бууруулахад хүрсэн гэж үзжээ.

Монголд ерөнхий боловсролын хичээлийн хөтөлбөрийг шинэчлэн хүүхэд бүрийн авъяасыг жигд нээж хөгжүүлэхэд анхаарах боллоо. Гэхдээ ажиглаваас суралцагчдыг бие дааж өөрийгөө хөгжүүлэх оюун ухааны арга барилд сургахад арай дутмаг анхаарах болсон бололтой. Ер нь сургалтын академик өндөр түвшинг алдагдуулахгүйгээр суралцагчдад хэрэглээний чадвар, дадал эзэмшүүлэх нь чухал баймаар юм. Ангийн 20-30 сурагч нэг бүртэй хичээлийн цагт багтаж харилцан ярилцах боломжгүй. Гэхдээ суралцагчдын хувийн авъяас, сонирхолоос үл хамааруулан суурь шинжлэх ухааны болон төрлөх хэлний мэдлэгийг стандарт түвшинд нь шат ахиулан олгож байхаас өөр замгүй. 2014 онд сурагчдын математикийн элсэлтийн ерөнхий шалгалтын стандарт үнэлгээ доогуур түвшинд гарсныг хэвлэл мэдээлэлүүд зохих ёсоор нь танилцуулсан. Энэхүү бодит дүр зургийг элсэлтийн босго оноог хэт доогуур тогтоож, дээд боловсролын шалгуурт өрөөсгөл хандсанаараа зөвтгөх боломжгүй юм. Шинэчлэлийг эсэргүүцэгч нэр зүүх, ажлын байраа алдахаас эмээсэн зарим багш учирч байгаа хүндрэл бэрхшээлийг  нээлттэй хэлэхгүй байгаад анхаарууштай. 

Суурь шинжлэх ухаанд хүндэтгэлтэй ханддаг, эдийн засгийн тогтвортой нөөцтэй Герман улс Европын холбооны 27 улсыг бараг бүхэлд нь хамарсан санхүүгийн хямралыг гэтлэх гол ачааллыг үүрч байгаа бол техник, технологийн дэвшлээр дэлхийд тэргүүлдэг Япон улстай хамтран Монголын шинэчлэлийн Засгийн газар 75 сая америк долларын санхүүжилттэй “Инженер, технологийн дээд боловсрол” төслийг энэ жилээс хэрэгжүүлж эхлэхээр болсон. Төслийн хүрээнд магистр, докторын сургалтаас гадна зэргийн бус сургалт, бэлтгэл сургалт, хосолсон сургалт гэсэн таван чиглэлээр нийт 1000 гаруй хүнийг сургах шийдвэр гарчээ.

2014 оны 2 дугаар сард “The economist” сэтгүүлээс цахим сүлжээнд байршуулсан нэгэн хэлэлцүүлгийг авч үзье. “Өнөөг хүртэл оюутан нь лекцийн танхимд профессорыг сонсох эсвэл ширээ тойрон суугаад судлаач оюутантай мэтгэлцэх шаардлагатай байв. Шинэ сэдэл нь тэдгээр хязгаарлалтыг арилгаж, ингэхдээ сүлжээгээр өгөх зааварчлагыг нэмэгдүүлснээр эдийн засгийн дээд боловсролд эргэлт хийх болно” хэмээжээ. Тэрчлэн хэлэлцүүлгийн баримт бичгийг боловсруулагчид нь дээд боловсролд шинжлэх ухааны сэдлийн эрэл хайгуулыг тууштай явуулах, дээд боловсрол олгоход хийх хандив тусламжийг нэмэгдүүлэх замаар ядуурлыг бууруулах чиглэл баримтлах нь чухал гэсэн санааг дэвшүүлжээ.    

2013 оны 5 дугаар сарын 9-10–нд Евроазиас зохион байгуулсан 23 дугаар бага хурал нь Европын дээд боловсролыг цаашид олон төрөлжүүлэх, хариуцлагатай, өрсөлдөх чадвартай болгох баримт бичгийг бэлтгэх, мөн мэдлэгийн гурвалжингийн асуудалд  анхаарал төвлөрүүлжээ. Мэдлэгийн гурвалжин дахь боловсрол, шинэ сэдэл, ирээдүйтэй ажлын холбоосонд  мэргэшсэн дээд боловсрол гол үүрэг гүйцэтгэх ажээ. Үүнийг дээд боловсролын байгууллагад хийх шинэ сэдлээр хэрэгжүүлнэ гэж онцлон үзэх болжээ. Даяарчлалын өөрчлөлтийг мэдэрч  дээд боловсролын байгууллага шинэ сэдлээр урагшилж дэвших ёстой болж байна. Гэтэл сүүлийн үед дээд боловсролын байгууллагын хувьд нэг хүндрэл ажиглагдах болжээ. Америк болон Европын дээд боловсролын өртөг маш хурдтайгаар өссөж байгаа нь суралцагч хичээлийн танхимд биеэр сууж сурах аргаас татгалзаж, цахим сүлжээгээр холбогдон алсын зайнаас суралцах шинэ сэдлийг санал болгож эхлэв. Энд нийтийг хамарсан, нээлттэй, цахим сүлжээгээрх сургалт дээд боловсролын ирээдүйн чиг хандлагыг тодорхойлох болжээ. АНУ-ын сүлжээгээрх дээд боловсролд хамрагдсан оюутны 2009-2014 оны мэдээнээс харахад бүх хичээлийг сүлжээгээр хүлээн авагчид 3,6 саяд хүрч 2.8 дахин нэмэгдсэн, хичээлийн заримыг сүлжээгээр хүлээн авагчид 18,6 сая болж 1.7 дахин өссөн бол хичээлд сүлжээ огт ашигладаггүй оюутаны тоо 2.9 дахин буюу 10 саяар хорогджээ. MOOC (Massive Open Online Courses), COURSERA (Станфордын их сургуультай түншлэн боловсролын бизнес эрхэлдэг технологийн компани) зэрэг сургалтын хэлбэрүүд өөрийгөө таниулж, давуу талаа улам бүр бататгаж, бизнесийн ашиг, орлогоороо тэргүүлж эхлэв. Мөн дэлхийн шилдэг эрдэмтэдийн алдартай 100 лекцитэй сүлжээгээр танилцах боломжтой байна. Массачутсийн технологийн дээд сургууль шилдэг лекцүүдээр мэдээллийн сан бүрдүүлж, урилгаар нэгдсэн тойм лекци унших, суралцагчдад ганцаарчилсан зөвлөлгөө өгч, шалгалт биечлэн авах тэргүүлэх эрдэмтэн багш нарын баг бүрдүүлж, суралцагчдад цахим сүлжээгээр хичээлийн агуулгыг хүргэх болсон нь хичээлийн болон дотуур байрны ашиглалтын зардал, үндсэн багш нарын тогтмол цалинг хэмнэх бололцоог бий болгож эхэлжээ. Америкийн боловсрол судлаач John Maeda Яагаад дээд боловсрол хоцорч байна вэ? өгүүлэлдээ: 2014 онд төрсөн хүүхэд гэхэд дээд зиндааны хувийн коллежид ирээдүйд 4 жил сурахад хагас сая доллароос давсан сургалтын төлбөр төлөхөөр байна гэж тооцоолсон байна. Top гэж нэрлэгдэх их сургуулиудын хувьд суралцагчдын сургалтын төлбөр, судалгааны ажлын борлуулалтын ашгаар санхүүжүүлэхэд хүрэлцэхгүй байгаа хичээлийн барилга, дотуур байр, орчны тохижилт, судалгааны лабораториудын хөрөнгө оруулалтыг нөхөхөд өөрийн төгсөгчдөөс оруулах буцалтгүй мөнгөн хандивын эзлэх хувийн жинг улам бүр өсгөхөд анхаарах болжээ. Төгсөгчдийн нэлээд нь нэр хүндтэй бизнес эрхлэгч болж төгссөн сургуулийнхаа материаллаг баазыг тасралтгүй бэхжүүлэхэд санаа тавих болсон байна. Сүлжээгээрх сургалтын тогтолцоо нь дээд боловсролд автодидактик (autodidactic)-ийг дэмжиж хөгжүүлэхийг шаардах болжээ. Багшийн туслалцаа болон албан боловсрол шаардахгүйгээр хувийн амжилтын оргилд хүрч үр дүнг нь бусдад түгээж, хуваалцах сургалтын энэ замыг ертөнцийг өөрчилсөн агуу их, суут хүмүүс ажил үйлсээрээ харуулсан байдаг. Өөрсдийн авъяас чадварын гайхамшигт бүрэн итгэж цаг хугацаа, боловсролын зардал хэмнэсэн суут Леонардо Да Винчи, Томас Эдисон, Альберт Эйнштейн, Билл Гейтес, Стив Жобс, Майкл Делл нар автодидактийн сонгомол төлөөлөл билээ.Харин Монголын дээд боловсролд хуулбарлан аргацаах, бусдын араас дагаж дууриах  арга барилыг нэлээд дээдлэх болжээ. ЮНЕСКО-ийн зөвлөмжөөр мэргэжилд баримжаалсан хөтөлбөрийн шинэчлэлт хийж байна гэсэн тайлбар хийсээр байна. Үүнд чинь ямар ч шинэ юм байхгүй, урьд нь хөтөлбөрийн дагуу  сургалт явуулж л байсан, харин хооронд нь засамжлан нэгтгэж тоог нь цөөлөө л биз, бодвол энэ томъёоллын дор хийсэн шинэчлэл гэсэн хэлбэрийн төдий ажил нь буруудвал буруутан нь анхнаасаа тодорхой, олон улсын байгууллага байх болж байна. Дээд боловсролын шинэчлэлийн хувьд хийнэ гэсэн амлалтыг нь бус нээлтэй сүлжээгээр дэлхий дахинд түгээгдэж хүлээн зөвшөөрөгдсөн, үр дүн нь оюутанд шууд мэдрэгдсэн шинэ санаа, шинэ мэдлэг, нээлтийг дэмжиж санхүүжүүлж байвал зүгээр юм. Бүтэцийн өөрчлөлт гэж маш үр ашигтай зардал хэмнэсэн зүйл хийлээ, олон хөтөлбөрийг цөөлж чанарын дэвшил гаргав, мөн цаашид судалж үзнэ, семинар зохион байгуулна, нэмэлт санхүүжилтгүйгээр хэцүү байх болно, инфляцитай уяалдуулж төлбөр нэмэхээс өөр арга алга гэж ирээдүй цагийн тодорхой бус, эргэлзээтэй, бултаж болохоор хоёрдмол утгатай тайлбар, бэрхшээл тоочсоор 2014-2015 оны хичээлийн жилтэйгээ золгоцгоов. Шинэ хөтөлбөрийн дагуу өмнөхөөсөө эрс ялгагдах багш бүрийн лекци, семинарын агуулга, файл, үндсэн сурах бичиг, гарын авлага, багшийн блог нийтлэл харагдахгүй байна. Оюутаны хувьд чадварлаг багш болон түүний заах хичээлийг зөв сонгохын тулд уг багшийнхаа эрдмийн зэрэг, цол хүртсэн бүтээл нь дэлхий дахинд хүлээн зөвшөөрөгдсөн оюуны гарамгай бүтээл, шинэ санаа, нээлт болж чадсан эсэхтэй эхний ээлжинд Web хайлт хийж танилцах ёстой байх. Дэлхийн нэр хүндтэй их сургуулийн Web сайт, гадаадын мэргэжлийн сэтгүүл, алдартай нэвтэрхий толиудад тухайн багшийн байршуулсан нийтлэл, SEO Score Analysis болон Ideas: Rankings-ийн мэдээллийн баазад суурилан профессор, багш нарын рейтингийг тооцоолж түүнийгээ нээлттэй мэдээлдэг болчихвол багшийн сонголт хялбар болно. Ер нь техник, технолги, судалгааны тусгайлсан лабораторийн туршилт шаарддаггүй, тунхаглалын шинжтэй бизнес, эдийн засаг, санхүү, нягтлан бодох бүртгэлийн шинэ хөтөлбөрийн лекцийн өмнөхөөсөө эрс ялгагдах агуулга, файл, блог мэдээллийн санг 6 сараас 1 жилийн хугацаанд багтааж,  ямар нэгэн нэмэлт зардал шаардахгүйгээр  дэлхийн “Top их сургуулийн жишиг түвшинд боловсруулан нийгмийн Вэб сайтэд байршуулах боломжтой нь практикаас харагддаг билээ. Бенжамин ФранклинийЦаг бол мөнгө” гэсэн алдарт үгийг санаж бусдаас өрсөж дээд боловсролын өөрчлөлтийн манлайлагчийн орон зайг эзлэх цаг тулгараад байна.

 


[1] Дэлгэрэнгүй мэдээллийг Shildeg.net-ээс уншина уу!



. Сэтгэгдэл бичих . Найздаа илгээх

Сэтгэгдлүүд

Миний тухай

It's kind of researching financial analyzing & accounting modeling.

Сүүлийн бичлэгүүд

. “Эдийн засгийн математик-Economical mathematics” сэдвээрх блог нийтлэлүүд
. Санхүүгийн мэргэжлийн шинжээчдийн сургалт
. Шинэлэг сургалт
. 2015.10.01-ээс сургалт эхэлнэ
. Математикт суурилсан санхүү, бүртгэлийн сургалт
. Сургалтын шинэ сайт нээгдлээ
. Шинэ сайт нээгдлээ
. Шинэ мэдлэг, шинэ санааг бие дааж хөгжүүлцгээе(Дю-Понтын шинжилгээ), бүтээе, Нийтлэл 37, Let’s self-create & self-develop new knowledge & new ideas (Du-Pont analysis) with text, Post 37
. Шинэ мэдлэг, шинэ санааг бие дааж хөгжүүлцгээе(Дю-Понтын шинжилгээ), бүтээе, Нийтлэл 37, Let’s self-create & self-develop new knowledge & new ideas (Du-Pont analysis), Post 37
. Судалгаа,чадамжид суурилсан сургалт
. 2014-2015 онд Монголын дээд боловсролын шинэчлэлийн талаар бичсэн блог нийтлэлийн жагсаалт . The tentative list of blog posts of Mongolian higher education innovation for 2014-2015.
. Хаана суралцах вэ? Нийтлэл 34, Where should study? Post 34
. 1 дүгээр дамжааны оюутан, Нийтлэл 33, First year student, Post 33
. Дадлагын ажил (ДА) ба нягтлан бодогчийн тооны норматив, нийтлэл 32; Instruction course & normative numbers of accountants”, post 32
. Монголын боловсролын шинэчлэл-Mongolian education innovation

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

. TS.Songuuli
Бичлэг: 81 » Нийт: 124
Өмнөх | Дараагийн



:-)
 
xaax