Accounting

2014-12-08

Нягтлан бодох бүртгэл (НББ)-ийн хэлэлцүүлгээс төрсөн эргэцүүлэл. Цуврал 5

Нягтлан бодох бүртгэл (НББ)-ийн хэлэлцүүлгээс төрсөн эргэцүүлэл.  Цуврал 5

2014.10.30-нд Сангийн яам, ММНБИ-ээс зохион байгуулсан “Санхүүгийн тайлангийн олон улсын стандарт (СТОУС)-ын нэвтрэлтийн өнөөгийн байдал, мэргэжилтний үүрэг, боловсролын асуудал” сэдэвт хэлэлцүүлэгт оролцов. НББ-ийн багшаар ажиллаад 16 жил өнгөрөхөд анх удаа энэхүү нэр хүндтэй хэлэлцүүлэгт оролцcон нь энэ билээ. Сангийн яамны НББ-ийн бодлогын газраар дамжуулан Монголд СТОУС-ыг нэвтүүлэхээр ийм үр өгөөжтэй санхүүжилтийн туслалцааг Дэлхийн Банкнаас үзүүлж байдгийг ч энэ завшаанд мэдлээ. “Монгол улсын НББ-ийн боловсрол: Өнөөдөр ба маргааш хэмээх үндсэн илтгэлийг гадаадын алдартай эрдэмтэн бичиж үлдээснийг яамны ажилтнууд танилцуулсан. Гэхдээ бас хажуугаар нь Монгол зөвлөх ажилласан бололтой. Бие даасан судлаач-багшийн хувьд хэлэлцүүлгийн талаар хэдэн санал бичив. 1. Нутаг буцсан эрдэмтнийг төлөөлж илтгэлийг нь танилцуулсэн ажилтнуудаас илтгэлийн мэдээллийн өгөгдлийн баазыг бүрдүүлсэн үндэслэл, тоон мэдээллийг боловсруулсан судалгааны арга, хүчин зүйлийн нөлөөллийн тооцоолол, эрсдэл, боломжийг тодруулж өгөөч гэсэн хүмүүсийн тавьсан асуултанд төдийлөн хариулт өгөхгүй байгаа нь ажиглагдсан. Харин манай БШУЯ болон Дэлхийн Банкнаас урьд өмнө нь нэгэнт нийтийн хүртээл болгосон судалгаа, дүгнэлт, Монголын судлаачид, сэтгүүлчдийн нийтлэл, статистикийн нэлээд хуучирсан тоон мэдээллийг илтгэлийн удирдагч ашигласан байна билээ. Илтгэлээс ННБ-ийн дээд боловсролын өнөөгийн байдлыг илэрхийлсэн тоон судалгааны хүснэгт, график, бүдүүвч, олон хувилбарт тооцоолол, хүчин зүйлийн нөлөөллийн шинжилгээг хэлэлцүүлэгт оролцогчдод харуулаагүй нь харамсалтай. Хүн гадаад ертөнцийг дохионы хоёрдугаар тогтолцоо буюу дүрсээр зураглан хүлээн авч, танин мэдэж дамжуулдгийг Нобелийн шагналт эрдэмтэн И.П.Павлов нээсэн байдаг билээ. 2. Илтгэлийн хэлэлцүүлгийн бүтэцтэй холбоотой зарим нэг санал ч төрж билээ. Хэлэлцүүлгийн хүрээнд хөндлөнгийн шинжээч, судлаачийн хавсралт илтгэлийг сонсмоор л байлаа. Санамсаргүй түүврээр сонгосон их, дээд сургууль (ИДС)-ийнхаа жишиж зэрэгцүүлсэн динамик үзүүлэлтийн судалгааг хэрэв хийсэн бол түүнийгээ ч танилцуулах нь зохистой байжээ.  Webometrics Ranking болон Thomson Reuters-оос бэлтгэж Times higher education-ий нийтэлдэг их сургуулийн зэрэглэлийг тогтооход ашигладаг багшлах бүрэлдэхүүн, сургалт, мэдлэг түгээлт, олон улсын нэр хүнд зэрэг 13 түлхүүр үзүүлэлтээр судалгаа хийж өгөөд буцсан бол үлдэцтэй байх байж дээ гэж бодогдсон. 3. СТОУС-ыг үндэсний хэмжээнд жинхэнэ ёсоор нэвтрүүлэхэд хэлэлцүүлэгт оролцсан талууд жигд зүтгэл гаргах шаардлагатай нь ажиглагдсан. Францын их сэтгэгч Фрэнсис Өөрчлөлт, өөрчлөлтийн дотроос хүний оюун ухаанд хийх өөрчлөлт нь хамгийн их хөдөлмөр, цаг хугацаа, доромжлол шаарддаг” гэсэн үг санаанд орж билээ. СТОУС-ын хэргэжилтэнд учирч байгаа үндсэн бэрхшээл нь аж ахуйн нэгж, байгууллагууд (ААНБ) санхүүгийн тайланг татварын зорилгоор гаргахыг чухалчилдгаас үүдэлтэйг илтгэгчид судалгаандаа тулгуурлан дэлгэрэнгүй танилцуулсан. Нөгөө талаар СТОУС-ын орчуулга ойлгомж муутай, харилцаа холбоо, уул уурхай, геологи хайгуул, их барилга, зам тээвэр, аж үйлдвэр, газар тариалан, мал аж ахуй гэх мэтийн эдийн засгийн салбар бүрийн үйл ажиллагааны онцлогт нийцсэн, санхүүгийн тайлангийн үндэсний стандарт өнөө хүртэл үгүйлэгдсээр олон жил өнгөрч байгааг ААНБ-ын төлөөллүүд сануулж байв. Мөн ИДС-ийн шилдэг төгсөгчдөөс ажлын байранд сонгож авдаг хэдий ч Тэд нар бие дааж бүтээлчээр сэтгэн ажиллаж сураагүй, бэлэнчлэх сэтгэлгээг эрхэмлэдэг, албан тушаал, цалингаа голдогоос тогтвортой ажилладаггүй, албан бичгийн эхийг зохиож боловсруулах ур чадвар сул байгааг хэлсэн. Оюутнаар заавал судлуулах хичээлийн тоо хэтэрхий олон, оюутны дадлага хийх бааз хомс, ААНБ-ууд дадлагаар очсон оюутнуудад ажил хэрэгчээр тусалдаггүй, НББ-ийн мэдээлэл боловсруулахдаа ашигладаг программуудын хэрэглээний утга учрыг тайлбарлаж өгдөггүй тал ажиглагддагийг багш нар хэлж байлаа.  Хэлэлцүүлэгт Яам, ажил олгогчид, ИДС-ийн төлөөлөл гэсэн 3 тал ерөнхийдөө оролцсон атлаа багш нараас илтгэл тависангүй. 4. Хэлэлцүүлгийн явцад НББ-ийн мэдээлэл боловсруулах компьютерийн программын талаар санал шүүмж гарч байв. Цаашид е-тайланг жилд 2 удаа тушаадаг болох саналыг хууль тогтоох байгууллагад оруулж байна гэсэн тайлбар хийсэн боловч компьютерийн программ хангамжийн компанийн төлөөллөөс төдийлөн харагдсангүй. Ингэж е-тайлан бэлтгэх хугацааг сунгахдаа санхүүгийн тайлангийн шинжилгээ хийх, удирдлагын шуурхай шийдвэр гаргах, олон хувилбарт мастер болон уян хатан төсөв бэлтгэх, орлогын тайлагнал, төлөвлөлтөнд шууд зардлын тооцоог ашиглах, хөрөнгө оруулалтын эдийн засгийн үнэлгээ хийх зэрэгт сөргөөр нөлөөлж болзошгүйг бодолцвол зүгээрсэн гэж санагдсан. Мөн НББ-ийн мэргэжлийн сургалт явуулдаг 38 ИДС байдаг, тэдгээрийн төлөөллөөс хэлэлцүүлэгт оролцож байгааг мэдээлсэн. Гэхдээ НББ-ийн сургалтын хөтөлбөр, лекцийн багц, багшийн блог нийтлэл, үндсэн сурах бичгийг дэлхийн “Тор” их сургуулиудын жишигт хэрхэн хүргэх вэ? багш, судлаачид НББ-ийн шинэ санаа, шинэ мэдлэгийг яаж бүтээх, хөгжүүлэх, түгээх, экспортлох, материаллагжуулан хэргэжүүлэх вэ? ажил олгогчийн зүгээс тавих болсон чадваржсан мэдлэг, харилцааны төлөвшлийн өндөр шаардлагад нийцүүлэн суралцагчдыг хэрхэн бэлтгэх вэ? зэрэг асуудлыг эрдэмтэн багш нар дорвитой хөндсөнгүй. Дашрамд дурьдахад илтгэлийн удирдагч маань Монголын НББ-ийн сургалттай ИДС-ийн сурах бичгийн академик агууламж доогуур байна гэж дүгнэжээ. Харин энэ бэрхшээлийг ямар арга замаар давж болох нь тодорхойгүй үлдсэн байна. Энэ  санал 10-аад жилийн өмнө хөндөгдөж байсан, энэ хэлэлцүүлэг дээр дахиад л яригдаж байх юм. “Цаг бол мөнгө” хэмээх мэргэн үгийг хэлсэн, гүн ухаантан Б.Франклиний “Цагийг дэмий хоосон бүү үр. Цаг хугацаа гэдэг чинь мөнгөнөөс ч үнэтэй. Учир нь цаг хугацаа бол амьдралыг нэхсэн утас мөн” гэсэн гэрээслэлийн ач холбогдол өнөөдөр ч улам бүр нэмэгдсээр байна. Америкийн бизнесийн сургууль, хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн зөвлөл (ACBSP)-ээр хүлээн зөвшөөрөгдсөн Монголын нэлээд хэдэн их сургууль байгаа ч 2014 онд Webometrics.info-оос  Европ, Америк, Ази, Африк болон Далайн орнуудын 22,000 шилдэг их сургуулийн зэрэглэлийг нийтэлсэн мэдээлэлд Монголын 10 шилдэг их сургуулийг багтааж, тэдгээрийн дэлхийн зэрэглэлийг 3809-15125-ын хооронд жагсаажээ[1]. Энэхүү зэрэглэлийг ахиулах, зэрэглэлүүдийн хоорондох ялгааг багасгахад НББ-ийн сургалт эрхэлдэг ИДС-иуд хэрхэн өөрчлөгдөх, шинэчлэгдэх шаардлагатай нь асуултын тэмдэгтэй л хоцорлоо. 5. Аливаа хэргэжүүлсэн төслөөс “Шилжилтийн эдийн засагтай танайх шиг орны хувьд тэгэх ёстой, тийм шилдэг туршлагыг зарим оронд санаачилж хэрэгжүүлсэн нь үр дүнгээ өгсөн, танай энэ асуудал чинь тааруу байна” гэх зэргийн үнэтэй сайхан зөвлөмжийг нь бичгээр хүлээн авч, SWOT шинжилгээ хийлгүүлдэг хэдий ч алдаагаа хэрхэн давуу тал болгон хувиргах, богино хугацаанд шат ахиулан дэвшилд яаж хүрэх алхмуудаа тодорхойлуулж чадахгүй үлдэж байгаа юм уу даа гэж бодогдов. Юу хийх нь зорилго биш, яаж хийх нь чухал гэж бизнест үздэг. Суралцагчдад чадваржсан мэдлэг эзэмшүүлэхийн тулд үйлдвэрлэлийн дадлагын хугацааг хэрхэн зөв, оновчтой тогтоох вэ? суралцагчдын бичиж нийтлэх, албан бичиг төлөвлөж боловсруулах ур чадварыг ямар аргаар дээшлүүлэх вэ? мэргэжлийн болон мэргэшүүлэх хичээлийн бие даалтыг тодорхой асуудал шийдвэрлэхэд  баримжаалан онолын академик өндөр түвшинд прагматик хандлагатайгаар яаж өөрчлөх вэ? гэх зэрэг асуудал хариултаа хүлээсээр л үлдлээ. Нобелийн шагналт, математикч Бертран Рассел “Шинжлэх ухаанд аргыг нь олоод өгчих, бусад нь бусдын хийх ажил” гэсэн байдаг билээ. 6. Нягтлан бодох бүртгэлийн бакалаврын төдийгүй дипломын дараах ахисан шатны болон мэргэшүүлэх сургалтын аль алиных нь чанарт анхаарууштай байгааг хэлэлцэж байв. ММНБ-ийн цолтой атлаа санхүүгийн тайлан гаргаж чадахгүй байх юм гэцгээж байсан нь энэ сургалтын агуулга, чанарт ахиц гаргах цаг болсоны дохио бизээ. Даяарчлагдсан орчин үед ИДС-ийн эрдэмтэн багш нар болон ММНБ ч нэгэн адил  дэлхийд хүлээн зөвшөөрөгдөх түвшинд санхүүгийн шинжилгээ, НББ-ийн ер бусын шинэ санаа, шинэ сэдэл, санамсаргүй нээлт (Breakthrough)ийг бүтээгч, хөгжүүлэгч, түгээгч, экспортлогч, санаачлан хэргэжүүлэгч байх ёстой хэмээн судлаачийн хувьд Бид нар ойлгож, түүнийгээ өөрсдийн судалгааны бүтээлээрээ баталгаажуулан харуулахыг хичээдэг. Чухам энэ нь зарим талаараа суралцагчид, төгсөгчдийг бусдаас ялгаатайгаар сэтгэж шинийг бүтээх оюун ухааны арга барилд шамдан суралцах, ИДС-д суралцах явцдаа идээдүйд очиж ажиллах ажлын байрандаа шууд бэлтгэгдэх, асуудлыг шийдвэрлэхэд шинжээчийн байр сууринаас хандаж, түүнийгээ өөрөө бие дааж эргэцүүлэн бодож судлах, мөн бэлэнчлэх, орчуулан хуулбарлахаас аль болохоор татгалзах, албан тушаал, ажлын байрандаа чадвар эзэмшихийнхээ хэрээр шатлан өсч дэвшихийг эрхэмлэдэг болгож төлөвшихөд нь тус нэмэр болдог гэж үздэг. 7. Санхүүгийн бүртгэлийн тайлагнал, судалгааны мэдээллийг боловсруулж дүгнэлт бэлтгэхэд ашигладаг компьютерийн программууд нь танин мэдэхүйн төгс мэдрэмжээс хөндийрүүлдэг, суралцагчийг техникийн идэвхгүй хавсрага, команд гүйцэтгэдэг робот болгон хувиргах сөрөг уршигтайг ч бас бодолцох  хэрэгтэй. Өгөдлийг компьютерт шивж  оруулахаас бусад НББ-ийн хөтлөлтийн орчлууд, санхүүгийн тооцооллын алхмууд, алгоритмын дагуу гүйцэтгэгдэх хувилбарт бодолтууд, шалгуур үзүүлэлтүүдийн жишилтийг компьютэр хэрхэн гүйцэтгэж, хэвлэж гаргадаг арга технологын бүх явцыг оюутанууд нэг бүрчлэн өөрөө биечлэн харж, бодож, бичээгүй  учраас  үл үзэгдэгч хийсвэр төсөөлөл төдий ойлголттой хоцорч байгааг анхаарч чадвар олгоход нь чиглэсэн НББ-ийн кейс сургалт явуулах, гараар бичих, хүснэгтлэх, дүрслэн зурах, задлан шинжлэх, нэгтгэн дүгнэх арга барилд тэднийг сургах хэрэгцээ бас гардаг. Тухайлбал, НББ-ийн зардлын динамик шинжилгээг матриц ашиглаж олон хувьсах хэмжигдэхүүний регрессийн тэгшитгэлээр илэрхийлсэн Бидний нийтлэл дэлхийн алдартай их сургуулиудын WEB хуудсанд Images дүрслэлээр тавигдаж, сургалтанд нь түгээмэл ашиглагдаж байгаагийн хамт олон хувьсах хэмжигдэхүүний дискриминантын шинжилгээ (MDA)-г гар аргын тооцоолол болон  SPSS-17.0 программаар зэргэцүүлэн гүйцэтгэж яг адил үр дүнд хүрэхийн ер бусын гайхамшгийг Tyondon.blogspot.com; Tunteg yondon-Google+(Photos); tyondon.com-д байршуулан харуулсан. Грекийн  агуу их математикч, физикч Архимед “Надад тулах цэг өг, би дэлхийг эргүүлье” гэж хэлснийг хэргэжүүлэх алтан боломжийг хүн бүрт бурхан тэгш заяасан билээ. НББ-ийн загварчлалын толгой эргүүлсэн, ээдрээтэй аливаа бодлогын шийдэлд олон хувилбарт тооцооллоор хүрэхийн тулд танин мэдэхүйн олон салбарт цөхрөлтгүй эрэл хайгуул хийж, нэлээд хоногоор тэвчээртэй хөдөлмөрлөж, бартаатай, эргэлзээтэй бөгөөд өвөрмөгц сонин, олон сүлжээ замыг туулдаг билээ. 8. Сүлжээгээр хүргэх, орчин үеийн нээлттэй зайн сургалтыг биечлэн оролцож сонсох, асууж тайлбарлуулах, бичиж тэмдэглэх, харилцан ярилцах, бодож шинжлэхтэй хослуулах шаардлага гардаг. Хүн төрлөхтөн номтой нөхөрлөсөн цаг үе болон интернетийн хэрэглээ бий болсон цаг мөч ялгаатай. Тэдгээрт агуулагдах мэдээллийн баталгаат байдал, үндэслэл, удаан хугацаанд хадгалагдах найдвартай байдал ч адилгүй. Мөн электрон болон ухаалаг самбар ашиглаж илэрхийлэх сургалтыг энгийн самбар, шохой, дэлгэрэнгүй бодолт, нэмэлт тайлбар, харилцан асуулт ба хариултын амьд харилцаагаар баяжуулах хэрэгцээ ч гарах вий. Фрэнсис Бэкон “Уншсанаар хүн юмыг мэдэж авдаг, ярилцсанаар гүйлгээ ухаан суудаг, бичиж заншсанаар алдаа гаргахаа больдог” гэж хэлсэн. Е-самбарт илэрхийлсэн хичээлийг суралцагч уншиж, тэмдэглэж, ухаж ойлгож амжаагүй байхад л дараагийн хуудсандаа шилжээд, багш самбарын шаардлагатай гэсэн тэрхэн хэсгийг давтаж хэлээд өнгөрөх нь түгээмэл байдаг. Энэ нөхцөлд багшийн лекцийн файл болон судалгааны блог нийтлэлд хандах арга зам л үлддэг.


[1]Бодит, шинэлэг мэдээллийг @eduniversal_HE; @THEworldunirank бүртгэлийн жиргээнүүд болон Shildeg.net-ээс хайж танилцаарай.



. Сэтгэгдэл бичих . Найздаа илгээх

Сэтгэгдлүүд

Миний тухай

It's kind of researching financial analyzing & accounting modeling.

Сүүлийн бичлэгүүд

. “Эдийн засгийн математик-Economical mathematics” сэдвээрх блог нийтлэлүүд
. Санхүүгийн мэргэжлийн шинжээчдийн сургалт
. Шинэлэг сургалт
. 2015.10.01-ээс сургалт эхэлнэ
. Математикт суурилсан санхүү, бүртгэлийн сургалт
. Сургалтын шинэ сайт нээгдлээ
. Шинэ сайт нээгдлээ
. Шинэ мэдлэг, шинэ санааг бие дааж хөгжүүлцгээе(Дю-Понтын шинжилгээ), бүтээе, Нийтлэл 37, Let’s self-create & self-develop new knowledge & new ideas (Du-Pont analysis) with text, Post 37
. Шинэ мэдлэг, шинэ санааг бие дааж хөгжүүлцгээе(Дю-Понтын шинжилгээ), бүтээе, Нийтлэл 37, Let’s self-create & self-develop new knowledge & new ideas (Du-Pont analysis), Post 37
. Судалгаа,чадамжид суурилсан сургалт
. 2014-2015 онд Монголын дээд боловсролын шинэчлэлийн талаар бичсэн блог нийтлэлийн жагсаалт . The tentative list of blog posts of Mongolian higher education innovation for 2014-2015.
. Хаана суралцах вэ? Нийтлэл 34, Where should study? Post 34
. 1 дүгээр дамжааны оюутан, Нийтлэл 33, First year student, Post 33
. Дадлагын ажил (ДА) ба нягтлан бодогчийн тооны норматив, нийтлэл 32; Instruction course & normative numbers of accountants”, post 32
. Монголын боловсролын шинэчлэл-Mongolian education innovation

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

. TS.Songuuli
Бичлэг: 75 » Нийт: 124
Өмнөх | Дараагийн



:-)
 
xaax